Д.Батбилэг: Аль нэг намын төлөө биш иргэдийнхээ төлөө л ажиллах ёстой

2015 оны 4 сарын 16

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй ярилцлаа.  
-МоАХ-ны 25 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Тэртээ он жилүүдэд ардчиллын үндэс суурийг тавьсан түүхт баярыг бүтэн жилийн хугацаанд тэмдэглэнэ.

 

Таны хувьд холбооны анхдагч гишүүн болохоор дүүрэгтээ чамгүй олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байх?

Мэдээж хэрэг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, хийсэн гээд олон зүйл байна. Бид түүхт ойн баяраа угтаж гурван том ажил хийсэн. Нэгдүгээрт 72 цаг гэсэн нэртэй ардчилсан хувьсгалын түүхийг өгүүлсэн баримтат кино бүтээлээ. Энэ кинонд ардчилсан хувьсгалын хамгийн гол үйл явдалд оролцсон хүмүүсийн яриа болон улс төрийн анхны өлсгөлөнг сурвалжилсан Финлянд, Японы сэтгүүлчид оролцсон нь онцлог юм.

Гурав хоног үргэлжилсэн тэр өлсгөлөнгийн үеэр юу болсон талаархи “Дэнчин” гэж ном бичлээ. Үүний дагуу уг кино бүтсэн дээ. Мөн өнгөрсөн 25 жилийн хугацаанд ардчилал Монголд юу авчирсан талаархи гэрэл зургийн үзэсгэлэнг манай Хадбаатар гаргалаа. Манай Хан-Уул дүүрэг ардчилсан хувьсгалын анхдагч олонтой. Тухайн үед манай дүүрэг чинь Ажилчны раойн нэртэй байсан бөгөөд хамгийн олон дэмжигчидтэй, салбар зөвлөлүүдийн дийлэнх нь энэ дүүрэгт байрлаж байлаа.

Энэ ч утгаараа ардчилсан хувьсгалын анхдагчид нэгдэж “Баруун морин уул” нэртэй ТББ байгуулж, биокомбинатын хажууханд байх ууландаа холбооны тугаа мандуулсан. Үүгээр зогсохгүй 25 жилийн ойдоо зориулж Баруун морин ууланд томоохон цогцолбор барихаар боллоо. Барилгынхаа шавыг тавих ёслолыг өнгөрсөн бүтэн сайн өдөр зохион байгуулна. Ер нь, олон гишүүд дэмжигчидтэй, анхдагч олонтой болохоор сүүлийн хоёр ч сонгуульд яллаа. Иргэд маань бидэнд итгэл хүлээлгэсэн учир тэднийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.
-Мэдээж хэрэг маш том хариуцлага, үүрэг хүлээлгэчихлээ гэсэн үг. МоАХ сэргэж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө зүтгэж байгаа. Гэхдээ нам холбоо хоёрын дунд асуудал байх шиг?

Хүн бүр л янз бүрээр харж байгаа л даа. Миний хувьд МоАХ-ны анхдагч гишүүн гэдгээр явдаг ч өнөөдөр намын даргын үүрэгт ажлыг давхар хашиж байна. Нам холбоо гэж талцалгүй нэг зорилгын төлөө л яваа хүмүүс. Тиймээс асуудал байвал дүрмийнхээ дагуу ярьж, хариуцлага тооцох ёстой бол баримтыг нь дэлгээд явах хэрэгтэй гэж боддог.

Өнөөдөр залуу үе бидэнгүйгээр явахгүй, бид залгамж халаагүйгээр ардчиллаа хөгжүүлж чадахгүй. Тиймээс албан тушаалын төлөө хэт шунаж, ажил хийж байгаагаа доош татах гэж оролдох шаардлагагүй. Хамтдаа зүтгэж, улс орноо хөгжүүлнэ. Нэг хүн, хэсэг бүлгээрээ нийлчихээд бүхнийг бүтээнэ гэж байхгүй.
-Хан-Уул дүүрэг аливааг эхлүүлж, үргэлжлүүлэхдээ сайн гэдэг?

Тийм. Ардчиллын салхийг сэвэлзүүлэхэд анхлан оролцсон. Нэг зүйл онцлоход Ерөнхийлөгчийн санаачилсан иргэдийн дуу хоолойг сонсдог Иргэний танхимтай болохыг дэмжиж манай дүүрэг хамгийн түрүүнд дээрх ажлыг хэрэгжүүлэн, бий болгосон. Өнөөдөр нийтдээ 16 танхимтай болчихоод байна. Тэр байтугай явуулын танхим ч ажиллаж эхэлсэн. Дүүргийн хамгийн хол хороо нь 25-30 км зайтай. Тэр хүмүүсийн дуу хоолойг сонсох зайлшгүй шаардлагатай учир машин худалдан авч, тухайн газарт амьдарч байгаа хүмүүсийн зовлон бэрхшээлийг сонсч, юу хийх ёстой, төр засагт үгийг нь хүргэж байгаа. Иргэний танхим иргэдийн төлөө ажиллах маш их үүрэг гүйцэтгэдэг. Бид зөвхөн дүүргийн хэмжээнд ажиллаад зогсохгүй хөдөө орон нутагтай хамтардаг. Жишээлбэл, Сүхбаатар аймаг, Увсын Хяргас сум байна. Мөн дүүргийнхээ дүрмийг боловсруулж байгаа.
-Иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн ажиллах зорилго тавьсан юм байна. Тэгэхээр танхимын дарга нарын үүрэг хариуцлага өндөр байх нь?

Тэгэлгүй яахав. Дарга гээд л зөөлөн сандал, тухлаг өрөөнд суугаад байж болохгүй. Иргэдийнхээ дунд орж ажиллан, тэдэнд ямар бэрхшээл байгааг сонсох нь чухал. Тиймээс ИТХ-ын зүгээс ажлаа хурдасгах зорилгоор Иргэдийн нийтийн хурлын дарга нарын зөвлөл гэж албан ёсны бус бүтэц бий болголоо. Ингэснээр тухайн дарга нар өөрсдийн газрын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Яахав хэдэн төгрөгийн төсөв гардаг.

Тэр нь иргэдийн төлөө хийж байгаа ажлын урамшуулал. Гэхдээ энэ бүхнийг дарга нар авдаггүй юм шүү. Тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилгүй, орлогогүй иргэдэд маань очдог. Ерөнхийдөө журам батлаад өгчихсөн учир ажлын үр дүнг нь харж урамшууллын асуудлыг шийддэг. Мөн иргэдийн бүлэг 20 хүртэлх сая төслийг хийх эрх олгосон. Хорооны оршин суугч өөрөө төслөө бэлдэхээр юу хэрэгтэй байгааг бүрэн тусгана. Тэгээд ч муу, чанаргүй, хувьдаа завших гэсэн зүйлгүйгээр бэлтгэх юм. Хэрэв асуудалтай зүйл гарвал оршин суугчдынхаа нүүрийг харах аргагүй болно. Ийм ч учраас иргэдээр нь төсөл хийлгэж, өөрсдөөрөө бахархах ажил хийлгэж байгаа хэрэг.
-Энэ төслийн хүрээнд архидалтгүй хороотой болох асуудал яригдаж байгаа гэсэн. Магадгүй үүнийг төрийн бус байгууллагууд хэрэгжүүлэх санал тавьж байгаа болов уу?

Төрийн бус байгууллагуудын зүгээс санал тавьсан. Бид тэдний тайлан, ажилд итгэхгүй байгаа. Учир нь, худлаа, гүйцэт хэрэгжээгүй ажлаа тайлагнадаг юм. Тиймээс иймэрхүү элдвийн худлаа зүйл ярьж, санал тавихаа боль гэсэн хариу өгсөн. Ер нь, архидалтгүй, амар тайван хороотой болох асуудлыг хэрхэн хийх вэ, ажил хэрэг болгоно гээд лоозогноод явах уу гэсэн асуулт бий. Хүсч тэмүүлж байгаа ажлаа урагшлуулахын тулд гурван хороонд хэрэгжүүлсэн. Эхлүүлж байгаа ажил болохоор алдах, онох зүйл багагүй гарсныг нуугаад яахав.

Гэхдээ л эхлүүлж чадсан нь маш том зүйл. Цаашдаа алдаагаа засаад явбал хүсч тэмүүлж байгаа зүйлдээ хүрнэ. Хүн чадахгүй бүтэхгүй гээд суугаад байвал байрнаасаа хөдлөхгүй. Би анх баатар Бат-Үүлд боловсролгүй гэж хэлүүлчихээд сурахын төлөө тэмүүлсэн. Тиймдээ ч өнөөдөр их дээд сургуулийн дипломтой, одоо докторантад суралцаж байна. Хүсч тэмүүлбэл бүтэхгүй зүйл гэж байхгүй шүү. Дүүргийнхэн маань хоггүй орчинтой болохоор тэмүүлж байна. Энэ нь, бага багаар биеллээ олох жишээтэй.

Шар байрнуудаа өөрчилж, шинэ хотхон байгуулахыг хүсч байгаа. Бүгд биелж дүүрэг маань өнгө үзэмжтэй сайхан болно. Яармаг хэрхэн хөгжиж байгааг хүн бүхэн харж байна. Бид хүсч, тэмүүлбэл хийж чадахгүй зүйл байхгүй гэдгийг тодхон харуулж байгаа нь энэ юм. Дүүргийн зүгээс Швейцариудын тусламжтай Яармагаа өөрчлөхөөр хэлэлцэж, яриад эхэлчихлээ. Хүссэн ч эс хүссэн ч гадаадынхныг нийслэл рүү хөтлөх нүүр царай нь Яармаг учир сайхан болгочихвол Монгол Улсын хөгжил хэрхэн явж байгаа нь харагдана.
-Хоггүй, архидалтгүй, гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах гээд олон ажил хийгдэж, мөн барьж байгуулахаар төлөвлөсөн бүхэн хүлээгдэж байгаа юм байна. Иргэдийн бухимдал ч багасч байгаа бололтой?

Иргэдийн гомдоллодог зүйлс аажмаар багасч, дүүргийнхэн, Иргэний танхимтайгаа хэрхэн хамтарч, асуудалтай зүйлээ яаж засах вэ гэж ярьдаг болсон. Өмнө нь, бараг л хэн нэгэн албан тушаалтны өрөөнд дайран орж агсам тавих шахдаг байсан нь арилсан гэж хэлж болно. Өнөөдөр иргэдтэйгээ ойлголцож, амьдарч буй орчноо цэвэрхэн байлгах, хороогоо хэрхэн хөгжүүлэх асуудлыг оршин суугчдаар нь хэлэлцүүлэн төслийг авдаг болсонд маш их талархаж байгаа.

Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш сөрвийх биш нэгдэж нийлж, буруугаа засч, нэгэн зүгт харж, хөгжихийн төлөө яваа. Бүх зүйл саадгүй байна гэж үгүй. Жижиг хэмжээний саад бэрхшээл тууллаа гээд шантарч хойш суувал зорилгодоо хүрэхгүй. Бага зэргийн алдаа  гарч л таараа. Түүнийг даван гарах нь л чухал. Сүртэй томоор л алдчихгүй бол засч залруулаад явж болно л гэж хэлэх гээд байгаа хэрэг.
-Дүүрэгт амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүс Зайсангаас өөр байхгүй гэхэд нэг их хилсдэхгүй байх. Ийм газартай болох талаар ямар бодолтой байна вэ?

Энэ асуудлыг ярьж байгаа. Туул голынхоо дагуу амралтын бүс бий болгож, 16 хороогоо аялал жуучлалын бүсийн хэмжээнд хөгжүүлэхээр хүсч байна. Эдгээр асуудал удахгүй шийдэгдээд явна гэж боддог. Хамгийн гол нь Харгиагийн асуудал бий. Тус байгууллагатай бид ярилцаад шүүлтээ сайжруулахыг ярьж тохироод явчихвал иргэдтэйгээ зөвшилцөөд амралт чөлөөт цагийн бүс байгуулахад асуудалгүй болчихно.
-Богд уулын дархан цаазат бүс нутагт газар олгосон гэж үеийн үед маргаан дагуулаад байна. Мөн Зайсан орчмын газрын маргаан иргэд компани хоёрын хооронд асуудал үүсгэсээр ирсэн?

Хөрөнгөтэй мөнгөтэй нэгэн нь иргэдийн орших суух газрыг дээрэмдээд байж болохгүй биз дээ. Хэдэн га газраар нь авчихаад хөөгөөд байх нь утгагүй асуудал. Аж ахуйн нэгжид өгч байгаа бол иргэд ч авах эрхтэй. Эцсийн дүндээ иргэд л тэнд байгуулагдсан дэлгүүр үйлчилгээний газраар үйлчлүүлнэ. Нөгөө талдаа дархан цаазтай гээд хашаа хатгачихаад суугаад байж болохгүй гэж боддог. Хамгаалалтын хил хязгаарыг нь жаахан татаж болно.

Мөн газрын төлбөрийг нь өндөр авч болно. Тэгвэл тэнд амьдрах иргэд хэд байх нь уу, газрын төлбөрийг нь төлөөд байгууламж барих хүн, компани гарах нь уу гэдэг асуудал байна. Магадгүй төлбөр төлөөсийг нь дийлээд баривал дүүрэг, нийслэл, улсын төсөвт бага ч болов хөрөнгө орох талтай. Иймэрхүү аргаар шийдвэл маргаан дэгдэх асуудал ч багасна. Гадаадын улс оронд ийм жишиг бий.

-Өнөөдрийн Хан-Уул дүүрэг, хуучнаар Ажилчны район үйлдвэрийн хотхон байсан. Саяхнаас эргэн сэргээх тухай ярих боллоо?

Аж үйлдвэрийн сайд Эрдэнэбат Хан-Уул дүүрэгт ажиллах үеэрээ Аж үйлдвэрийн комбинатыг сэргээж парк хэлбэрээр хөгжүүлэх ёстой гэж хэлсэнд маш их баярлаж байна. Ийм том асуудлыг зоригтойгоор тавьж байгаа нь зөв. Бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж хөгжүүлэхгүйгээр дан ганц уул уурхай шүтээд хөгжихгүй. Нөгөө яриад байгаа олон тулгуурт эдийн засгийн асуудлаа одоо хэрэгжүүлэх цаг болж. Ажиллах хүчин хангалттай байна. Хуучин ноосны үйлдвэрийн нэгдэл гэж байсан том байшин яг хэвээрээ төрийн мэдэлд байгаа. Тэрийг ашиглахгүйгээр үхмэл хөрөнгө байлгаад байх уу. Жижиг дунд, арьс ширнийхэн, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гээд бүгдийг нь дэмжвэл жижиг нь томорч үндэсний баялаг бүтээгчид эдийн засагт чамгүй хөрөнгө оруулалт хийнэ.

Үүний хэрээр улс хөгжиж, өнөө савлаад байгаа эдийн засаг хөл дээрээ бат зогсох болов уу. Аливаа зүйлийг болохгүй бүтэхгүй гээд нурааж бусниулах шиг амархан зүйл байхгүй. Харин дахин эвлүүлж дэмнүүлэн босгох хэцүү. Цаг хугацаа ч их шаардлагатай. Өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн жижиг дунд үйлдвэрээ нураачихвал дахин босгоход өнгөрсөнтэй адил цаг хугацаа хэрэгтэй. Аливааг эхлэхэд янз бүрийн л зүйл ярьж шүүмжилдэг. Үүнтэй нэгэн адил парк байгуулах ажил ч шүүмжлэлд өртөж саад бэрхшээлтэй тулна. Би түрүүн хүсэл тэмүүлэл байхад болж бүтнэ, аливааг эхлүүлчихээд засч залруулан авч явах ёстой хэлж байсан. Тиймээс тэмүүллийнхээ дагуу эхлүүл, залгуулаад аваад явах ажиллах хүчин, аж ахуйн нэгж байна. Муу хэлүүлээд л байсан Ээрмэлийн үйлдвэр босоод ирлээ.
-Төсөв хөрөнгө гээд асуудал бий?

Шүүмжлэл, шалтаг дагуулах нэг сэдэв. Хийж бүтээе гэвэл ухрах шаардлагагүй. Болохгүй бүтэхгүй гэсэн асуудлыг хойш тавиад урагшаа алхаж, болж бүтэх арга замаа сонгох хэрэгтэй. Бид хийхгүй бол хэн хийх ёстой юм бэ. Ард түмэн итгэл хүлээлгэчихээд байхад хойш суух эрх бидэнд байхгүй. Амжихгүй гээд хойш суувал өөр хэн хийх юм бэ. Иймд ухрах буцах зам байхгүй. Үүргээ биелүүлэхийн төлөө ажиллах цаг хугацаа үлдсэн. Дүүргийн зүгээс боломжтой бүх асуудлыг шийднэ. Төр засаг нийслэл ч ийм бодолтой байгаа гэж бодож сууна.
-Ярианы эхэнд дүүрэг дүрэм журамтай болох талаар хэлсэн. Барууны жишигтэй адил муж болгон хуультай байдагтай адил болох нь гэж ойлголоо?

Үүнийг одоогоор яг шийдчихсэн зүйл алга. Ямартай ч, дүүрэг дүрэм журамтай болоод үзье гэж ярьж байгаа юм. Иргэний танхимаараа хэлэлцүүлэхээр хэн юу гэж ярихыг сонсоод ямар юм гарч ирэх нь үү гэж хүлээж байна. Нийслэлийн дүрэм гэж гараад Багануур, Налайхыг дагуул хот болгочихлоо. Тэгвэл бид нийслэлийнхээ дүрэмтэй уялдуулж энэ асуудлаа хэлэлцүүлье гэсэн санаа байгаа. Магадгүй манай дүүрэгт амьдарч буй иргэд тодорхой татвар төлдөг байх уу, нийтийн хэв журам алдагдуулбал шийтгэлээ хэрхэн хүлээх гэсэн зүйл гарч ирнэ. Мөн татвар төлснийхөө хариуд авах үйлчилгээ эрхийн тухай ч үүнд тусч таараа.
-Үндсэн хуультай харшлаа гээд зарга мэдүүлдэг хүн олон. Дүрэм бусад хуультай харшихгүй гэсэн баталгаа бий юу?

Тэрнээс айх зүйл юу байгаа юм бэ. Хууль дүрэм, журам гэдэг чинь цаг үеэ дагаж солигдож, өөрчлөгдөх ёстой. УИХ өнөөдөр баталсан хуулиа маргааш нь засах гээд л сууж байгаа биз дээ. Хууль гэдэг чинь аливааг зохицуулахын тулд л бий болгодог зүйл. Хэрэв зохицуулах чадамжгүй бол хүчингүй болгон дахин засдаг. Иймд хэрэв алдаа мадаг гарсан бол тухайн үед нь засч залруулаад л явчих боломжтой.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдсаар байгаа. Та үүнд ямар бодолтой байна вэ?

Тухайн цаг үед хэрэглэгдээд үүргээ биелүүлчихсэн хууль. Өнөөдөр өчигдрийнхөөс шал өөр нийгэм, цаг үе ирчихсэн. Өөрчлөн найруулах нь зөв. Гэхдээ бүгдийг нь ор үндсээр нь шинэчилж найруулах шаардлагагүй л байх. Ардчиллын тулгуур зарчмуудаа авч үлдэх буюу хүмүүнлэг ардчилсан нийгэмтэй байх, хүний эрх эрх чөлөөний тухай заалттай бүлэг, Монгол хэлний асуудлыг огт хөндөж болохгүй.

Нутгийн өөрөө удирдах ёсыг бид өөрчилж болно. Үүнийг дан ганц парламентын түвшинд бус ард нийтээр хэлэлцүүлэн шийдвэр гаргах ёстой. Яагаад гэвэл энэ хууль маань нэг хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжид чиглэсэн хууль биш. Монгол Улсын иргэн бүрт хамаатай хууль.
-Одоогийн албан тушаалаа аваад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийсэн ажилдаа дүн тавь гэвэл?

Хүн өөрийгөө хэзээ ч муугаар дүгнэхгүй. Тийм эрх надад байхгүй. Миний хийсэн бүтээснийг өөр бусад л дүгнэх нь зөв. Мэдээж хэрэг өөртөө бол сайн дүн л тавьж таараа. Хийсэн ажил ч цөөн биш. Би Зориг агсантай маш ойрхон явсан хүн. Зориг маань өөрөө өөртөө биш чамд иргэд дүн тавина гэж хэлсэн нь санаанд орлоо л доо. Тэгэхээр Хан-Уул дүүргийнхэн маань надад дүн тавих ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20653
0 эможи
keyboard_arrow_up