Нийслэл хувийн хэвшилтэй хамтран ажиллах "түншлэлийн тунхаглал" гаргалаа

2015 оны 4 сарын 15
13:09 өнөөдөр

Улаанбаатар хотын хөгжлийн төлөө тунхаг бичигт өнөөдрийн чуулганыг зохион байуулагч талууд болох нийслэлийн удирдлага болон Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдлагууд гарын үсэг зурлаа. 

12:30 өнөөдөр
Хэлэлцүүлэг үргэлжилж байна

Э.Бат-Үүл: 2030 он хүртэлх Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө их ерөнхий. Дэд бүтэц, хүн амын өсөлт зэргийг тооцоолсон. Харин нарийвчилсан төлөвлөгөөг хөрөнгө оруулагчдын санал дээр түшиглэн хийнэ. Жишээ нь Морин даваанд 65 га газарт дэд төв байгуулах ажил эхэлсэн. Учир нь хөрөнгө оруулагчид дорвитой том ажил сонирхдог. Харин бид энэ том газрын багахан хэсэгт иргэдээ суурьшуулах шаардлага тавьсан.   
АХБ-наас Баянхошууны дэд бүтцийг сайжруулах зорилгоор 320 сая ам.доларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлж байгаа юм байна.
Барилгын салбарын төлөөлөл н.Батсүх 2 хүсэлт тавьлаа. Нэгдүгээрт, иргэд барилгын компаниудад сөрөг хандан, шүүхэд өгөх нь олон байгааг дуулгалаа. Шинэ барилга барих бол эргэн тойронд нь буюу 45 метрийн дотор оршин суудаг иргэдээс санал асуудаг журмыг цуцлуулах хүсэлт тавьсан юм. Харин хотын дарга иргэд өөрсдөө хууль зөрчсөн шаардлагыг барилгын компанид тавьсан тохиолдол гарсныг онцлоод, журам бол байх ёстой, тэдний өмчийг үнэгүйдүүлэх аюул гардаг гэв. Харин барилга барих зөвшөөрлийг өмнөхөөс илүү хурдан шуурхай олгох болжээ. 2012 онтой харьцуулахад барилга барих зөвшөөрлийн тоо 3 дахин өссөн байна.    
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй барилгын компаниудад тулгардаг нэг асуудал нь газрын эзэн өндөр үнэ хэлдэг явдал аж. Иймд хотын удирдлага газрын нэгжийн үнэ тогтоох ёстой гэсэн байр суурийг чуулганд оролцогч илэрхийлсэн юм. Харин арилжаа хийж буй хоёр талын дундуур хот орох ёсгүй гэдэг дээр хотын дарга болон ИТХ-ын дарга нэгдлээ.  
"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015" чуулганд оролцогчид амьдрал тэтгэх ус дутагдаж байна, хотын газар хүүхдийн зулйа шиг эмзэг боллоо гэх мэт саналуудыг дэвшүүлснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө. Үргэлжлүүлэн салбар хуралдаанууд болох юм.   

11:56 өнөөдөр

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн зөвлөх Н.Зориг нийслэлийн ажилтнууд өдөр бүр хийсэн ажлаа тайлагнадаг болгох, ингэснээр ажилтнуудын бүтээмж дээшлэх талаар онцоллоо. Төрийн буюу нийслэлийн үйлчилгээг иргэн бүрийн гэрт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Б.Баттулга, хотын дарга Э.Бат-Үүл, Улаанбаатарын худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од, тус танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшин, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Р. Шоэлхаммэр нар хэлэлцүүлэгт оролцож байна.
Б.Баттулга дарга хотын иргэдийн хамгийн том баялаг болох газрыг эргэлтэд оруулах шаардлагатайг онцоллоо. Мөн тэрээр УИХ-д зарим тохиолдолд хуулийн төсөл улам муудаж гардаг, хугацаа алддаг гэв.  
Хотын удирдлагад тохиолдож байгаа хүндрэл хуулийн хангалтгүй орчин байдаг байна. Жишээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд Газар албадан чөлөөлөх тухай хууль баталсан байх шаардлагатай юм байна. Гэтэл энэ хууль байхгүй учир нийслэлийн ИТХ-аас журам батлан, ажлаа явуулж байгаа аж.
Харин хотын дарга Э.Бат-Үүл хувийн хэвшлийнхэнтэйгээ хөтлөлцөөд Дэлхийн банк, АХБ-нд очоод төслөө хамт танилцуулбал илүү их итгэл төрүүлэн, санхүүжилт босгох боломжтой гэв.
АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Р. Шоэлхаммэр байршлаа сайн ашиглах нь аливаа бизнест давуу тал олгодог. Улаанбаатар хот Зүүн Хойд Азийн гол цэг. Бид хотын удирдлагатай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн хэмжээний томоохон байгууллагууд, банкууд УБ-т оффисоо нээжээ. Тэгэхээр та нар олон хамтрагчтай болсон байна гэв. Тэд хөрөнгө оруулах сонирхолтой байна.
Улаанбаатарын худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшин Казиногийн тухай хуулийн төсөлд хотын удирдлага идэвхтэй оролцох ёстой гэдэг  санал дэвшүүлэв.

11:52 өнөөдөр

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл "Найрсаг Улаанбаатар хөтөлбөр" сэдвээр илтгэл тавьж байна.

11:34 өнөөдөр

Тендерийн бичиг баримт дундаасаа алга болох зэрэг зөрчил илэрлэг тул лац ашиглах болсноор энэ зөрчил бүрэн арилжээ. Нийслэлийн худалдан авах газрын бүхий л үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнийг ч Ю.Идэрцогт дарга онцлов.
2014 онд Сангийн яамнаас Үнэлгээний хороонд хэд хэдэн шалгалт оуулсан байна. Тендерийн шаардлагад 2 шинэ зүйл нэмэгдсэн нь аваар ослыг багасгах зорилгоор гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх гэдэг заалт юм. Мөн дотоодын компанидаа илүү дэмжихээр болжээ.   

11:30 өнөөдөр

Хөрөнгө оруулагчид өмнө нь татварын ерөнхий газраас татварын өр төлбөргүй гэх албан бичиг авчирдаг байж. Үүнийг хуурамчаар үйлдсэн хэргүүд гарсан тул ийм шаардлага тавихаа зогсоожээ.

11:25 өнөөдөр

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт “Худалдан авалт, шилэн тендер” илтгэл тавьж байна.
Тэрээр 2015 онд 260 тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ гэв. Үүний 90 тэрбум төгрөгийн эрх нь тус байгууллагад шилжин иржээ. Худалдан авах ажиллагааны газраас бүх үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байлгах зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Иймд хараат бусаар ажиллах Үнэлгээний хороо байгуулжээ. Тэд хувийн хэвшлийнхэнд туслагч, зөвлөгч байх амлалт өглөө.

11:15 өнөөдөр

“Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр” илтгэлийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа тавьж байна.

11:03 өнөөдөр
 
Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшин “Хувийн хэвшлийн санаачлага” сэдвээр илтгэл тавьж байна.

Тэрээр хувийн хэвшлийн санаачлагаар юу хийж болох талаар илтгэлдээ дурдах юм байна. Гаднын өндөр зэрэглэлтэй хотууд шиг болохын тулд юу хийж болох талаар нэгтгэсэн байдлаар танилцуулах юм.
"Хэдхэн жилийн өмнө бид дараагийн Дубай Улаанбаатар хот байх юм байна гэж ярьж байсан. Аялал жуулчлалын компаниудын дүр зургийг нэгтгээд үзэхэд бид орчин үеийн Улаанбаатар Хаан Сити гэдэг зорилт дэвшүүлэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотод дугуйтай хүн явах тэр байтугай явган хүн ч эрсдэлтэй замаар явдаг. Хотын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл дугуйн замтай болох хэрэгтэй. Туул гол болон Богд уулыг аялал жуулчлалын бүс болгох хэрэгтэй байна. Энэ бүгдийг хувийн хэвшлийн хөрөнгөөр шийдэх боломжтой. Ер нь Улаанбаатар хотыг агаарын гудамж байгуулах санаа байна. Гол гудамжуудыг холбоход 18 км орчим болох юм. Үүнийг ч хувийн хөрөнгө оруулалтаар хийх боломжтой. Ингээд нөгөө агаарын бохирдол, түгжрэл гэх мэт асуудлаас холдох боломжтой. Томоохон татваргүй барааны дэлгүүр байгуулах нийтдээ 10 орчим тэрбум доллараар баригдах боломжтой. Энэ зүгээр төсөөлөл биш биелж болох боломжтой төслүүд" гэдгийг тэрээр хэллээ.
Хөрөнгө оруулалтын таатай, баталгаатай орчинг бий болгож, амлаж чадах юм бол энэ бүхэн боломжтой. Үүний тулд банк санхүүгийн секторын шинэчлэл хийх шаардлагатай. Хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Эдгээрийг байгуулснаар аялал жуулчлалын салбар хөгжих үндэслэл болно гэдгийг тэрээр онцоллоо.

10:47 өнөөдөр
 
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр" илтгэл эхэллээ.

"1954 онд анхны ерөнхий төлөвлөгөөг хийж эхэлснээс хойш 6 удаагийн төлөвлөгөө гаргасан байдаг. Анхны 4 төлөвлөгөөг ЗХУ-ын инженер техникийн ажилчид хийсэн бол 6 дахь төлөвлөгөөг Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хийсэн байдаг. Бид цаашдаа энэ ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн бодлого баримталж байна. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллана. Сайн Засаглал, дэвшилтэт эрхзүйн орчин бүхий хот болгохоор зорьж байна" гэдгийг тэрээр хэлж байна.
Орон сууцны талаар урт хугацаанд төлбөрийн чадварт нийцсэн стратегийн баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Дунд хугацаанд нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг ИТХ-аар баталсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хувийн хэвшлийнхэн 100 хувь хариуцаж байна. Дэд бүтэц дээр л хотын зүгээс асуудлыг шийдвэрлэж байна. Хуучин орон сууцыг барилгажуулах ажлыг өнгөрсөн жилээс эхлээд байна. 
Өнөөдөр бид бүх үйлчилгээг хотын төвөөс бий болгодог бол дэд төвүүдийг бий болгосноор үүнийг задлах боломжтой болно. Баянхошуунд амьдардаг иргэн Нарантуул зах руу явдаг биш тухайн орчиндоо үйлчилгээ авах боломжтой болно.
Хувийн хэвшлийн чамлахааргүй нөөцийг ашиглахын төлөө бид хамтран ажиллах шаардлагатай байна гэснээр түүний илтгэл өндөрлөлөө.
 
10:26 өнөөдөр
 
“Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” илтгэлийг Нийслэлийн засаг даргын санхүү эдийн засгийн орлогч дарга Н.Батаа тавьж байна.
 
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хамгийн сүүлд 2013 онд УИХ-аар баталсан байдаг. Хот байгуулалтынх нь хувьд яаж төлөвлөх вэ гэдэг талаас нь төлөвлөж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн цогц төлөвлөлтийг өнөөдөр хүртэл хийж байгаагүй. 2030 он хүртэлх төлөвлөгөөнд зам гудамж, сургууль цэцэрлэгийн тоо зэрэг барилгын норм нормативын төлөвлөлтийг орон зайн хувьд хийсэн байдаг гэдгийг тэрээр хэллээ.
Хотын цаашдын хөгжлийг төр хувийн хэвшлийн түншлэлгүйгээр харахгүй байна. Тэнцвэртэй байж хот хөгжинө. Улаанбаатар зөвхөн төрийн байгууллагууд байх орон зай гэхээсээ илүү хүмүүс амьдрах орон зай тиймээс төр хувийн хэвшил тэнцвэртэй байх хэрэгтэй гэдгийг тэрээр онцолж байна.
Эдийн засгийн хувьд хөгжихөд таатай нөхцөл байдал хотод бий гэдгийг Н.Батаа хэллээ.

10:18 өнөөдөр
 
Улаанбаатар худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од "Нийслэл хувийн хэвшлийн түншлэл" илтгэлээ тавьж эхэллээ.

Тэрбээр "Хотын нэг асуудал бол нэг талаасаа хүн болгон сайн мэддэг. Асуудлыг шийдвэрлэхэд хүн болгон оролцох ёстой. Зөвхөн хотын даргын асуудал биш. Хувийн хэвшлийнхэн бол ашгийн төлөөх байгууллага. Нийслэл бол нийгмийн ашиг сонирхлын төлөөа байгууллага. Тийм учраас хоёр тал тоглоомын дүрмээ маш тодорхой нийтэд мэдээллээ ил тод болгох ёстой" гэдгийг хэлж байна.
Мөн хувийн хэвшил, хотын удирдлага хамтран ажиллаж чадвал илүү их боломж байгаа гэдгийг тэрээр онцолж байна.

10:09 өнөөдөр
 
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй" илтгэлээ тавьж байна.

Тэрбээр илтгэл гэхээс илүүтэй чин сэтгэлийн яриа минь юм шүү. Та бүхний татварын орлогоор бид цалинжиж үр хүүхдээ тэжээж амьдрал ахуйгаа авч явдаг. Бид үйлчлэх засаглал байх ёстой. Тэрнээс засаглаж удирдах ёсгүй. Социализмын энэ хуучин үзлээс салах хэрэгтэй. Мобиком, Голомт шиг үйлчилж байх ёстой. ТЭДИ шиг томоохон үйлчилгээний төвийг бид удахгүй байгуулах гэж байгаа гэлээ.
09:53 өнөөдөр
"Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015" бизнес чуулга уулзалт эхэллээ.

НИТХ-ын дарга Д.Баттулга чуулганыг нээж үг хэллээ.
Тэрбээр Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015 чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Улаанбаатар хотын эдийн засгийн нөөц болсон хөгжүүлэх хөшүүрэг болсон хувийн хэвшлийнхэн та бүхэнтэй хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Аливаа улс орны үндэсний бүтээн байгуулалтыг хувийн хэвшил гүйцэтгэсээр ирсэн юм шүү. Бидэнд та бүхний санал бодол идэвх санаачилга юу юунаас илүү чухал юм гэв.

Эх сурвалж: www.gogo.mn
 
1 / 46
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20636
0 эможи
keyboard_arrow_up