Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.19-2015.03.25/
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Шинжлэх ухаанд шунан дурла
Монгол улсын хосгүй үнэт өв болох Т-батаарыг Монгол улсын өмч мөн эсэхийг батлахын тулд дэлхийн 140 гаруй орны палентологич, археологич нартай хамтран ажиллаж АНУ-ын шүүх дээр зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт олддог гэдгийг нотлох бичиг цуглуулж, ялалт байгуулах нь ганц өдрийн ,нэгхэн сарын ажил байгаагүйг дурслаа. Тэрээр өөрийн сонирхолдоо хөтлөгдөн 6 жилийн турш динозавр хэмээх амьтны талаар судлан, уншиж, дэлхийн эрдэмтэдтэй шинжлэх ухааны хэлээр ярьж, захидлаар харилцаж, тэдний ном, нийтлэл, бүтээлийг шимтэн уншиж байсан нь түүнд хожим эх орондоо тустай томоохон үйл хэрэг бүтээхэд нь туслажээ. Лекцийн үеэр мөн хичээл дээр яавал сонирхолтой байдлаар суралцах, хэрхэн өөрийгөө даван туулж авъяас чадвараа нээх тухай, яагаад бид гадаад орны хүмүүст эх нутгаа зөвөөр ойлгуулахдаа, гадаад оронд тэтгэлэг авахдаа шинжлэх ухааныг сайн мэддэг байх ёстойг тайлбарлаж байв. Дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны асуудлыг мэддэг, Монгол орноо мэддэг, олон улсын чиг хандлагыг мэдэрдэг иргэд болохыг уриалав.. arslan.mn 2015.04.13
БСШУЯ-н харъяа Боловсролын үнэлгээний төвийн дарга Г.Аззаяа: Монгол хэл бичгийн шалгалтад 400 оноо авч байж ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ
Бүртгэлтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлт хийгдсэн байгаа. Жишээ нь, шалгуулагч бүр регистрийн дугаараа оруулснаар хувийн мэдээлэл болон сургуулийн мэдээлэл гарч ирнэ. Мөн хичээл сонголт хийгдэхэд туршилтын болон үндэсний хөтөлбөрөөр хичээллэж буй эсэхийг асууж байгаа. Энэ нь сэдэв, даалгавар хоёр хоёр янзаар зохиогдох юм.
Монгол улсын засгийн газрын 37 дугаар тогтоол дагуу авагдаж байгаа тус шалгалтыг энэ жилээс эхлэн босго оноотой болгосон. Ингэснээр их, дээд сургуульд элсэгчдийн эх хэлээрээ зөв зохистой ярих, зөв алдаагүй бичих, эх хэлний дархлааны хэрэглээний чадварын түвшинг сайжруулах зэрэг зарим асуудлууд сайжрах сайн талтай. Мөн шалгуулагчдад боломж олгох зорилгоор монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж байгаа. Эдгээр шалгалтдаа 400-гаас доош оноо авбал ЭЕШ-д хамрагдах боломжгүй гэсэн үг. ЭЕШ-ын үнэлгээний аргачлал нь олон улсад ашиглагддаг үнэлгээний арга зүй байгаа. Шалгуулагчдын дүн оноог анхны онооны дундаж, хэмжээст оноо, процент оноо, амжилтын чанарын индекс гэсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Хэмжээст оноо нь 200-гаас 800-гийн интервалтай байдаг. Дундаж нь 500 оноо. Тэгэхээр 400 оноо гэдэг бол дунджаас доогуур үзүүлэлт юм. Иймд энэ нь тийм авах боломжгүй өндөр оноо биш гэсэн үг.. medee.mn 2015.04.10
Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтэсийн дарга Л.Ганбат: Монгол хэл бичгийн шалгалтын дүн ЭЕШ-ын нийт оноонд нөлөөлөхгүй
Гуравдугаар сарын 21–нд монгол хэл бичгийн шалгалт авсан Монгол хэл бичгийн шалгалтын хувьд энэ жил ЭЕШ-д орох хүсэлтээ бүртгүүлсэн бүх хүүхэд хамрагдсан. Нийтдээ 21493 хүүхэд шалгалтанд орлоо. Дөрөвдүгээр сарын 4-нд дүн оноог БҮТ-ийн цахим хуудсаар мэдээллэсэн юм. Шалгалтанд оролцсон хүүхдүүдийн 85 хувь нь 400-аас дээш оноо авч тэнцсэн. 400-аас доош оноо авсан хүүхдүүд дөрөвдүгээр сарын 25-нд дахин шалгалтанд хамрагдах боломжтой. Монгол хэл бичгийн шалгалтанд авсан дүн нь ЭЕШ-ын нийт оноонд нөлөөлөхгүй энэ нь зөвхөн босго оноо болно. Өдрийн сонин 2015,04,09 №089