Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхдэд тэргэнцэр гардуулан өглөө
Нийгмийн сайн үйлсийн аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, “Mint” club, NIKEL Гамбаа, Түгээмэл хөгжлийн төвтэй хамтран ХУД-ийн 63-р сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхдэд тэргэнцэр гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд ХУД-ийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтан болон эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэглэсэн тэргэнцэр нь хүүхэд зориулагдсан материал, хүүхдийн насанд тусгайлан хийгдсэн, өөрөө удирдан чиглүүлэх боломжтойгоороо давуу талтай гэж зохион бүтээсэн хүмүүс нь хэлж байлаа. Тэргэнцэр гардуулах үйл ажиллагааны үеэр Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнчимэгээс тодрууллаа:
“Нийгмийн сайн үйлсийн аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, “Mint” club, NIKEL Гамбаа, Түгээмэл хөгжлийн төвтэй хамтран “Хүүхдэд ээлтэй-Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг чадавхижуулах төсөл"-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг 306 хүүхэдийн эцэг эхчүүдийг Асаргаа сувилгаа болон Аж ахуй эрхлэлтийн сургалтуудыг шат дараалан зохион байгуулсан. Сургалтын үеэр эцэг эхчүүдийг хүүхдээ асрах арга барил буюу иллэг массаж хийх, чийрэгжүүлэх, стрэсс бухимдлаас салгах, зөв менежменттэй аргаар хүүхдээ сургах, богиносгосон цагаар өрхийн орлого нэмэгдүүлэх, ажил хийх боломжтой эцэг эхчүүдийг хамруулан баг болгон идэвхижүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд өнөөдрийн тэргэнцэрийн хөрөнгө оруулалтыг 2015 оны 1 сарын 27-нд , “Mint” клуб-т хандивийн тоглолтыг зохион байгуулж тоглолтоос цугларсан мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй ХУД-ийн 63-р сургуулийн 4 хүүхдэд тэргэнцэрийг гардуулан өглөө. Тус бүрийн үнэ нь 990000 төгрөг. Хамтарч ажилласан байгууллагууддаа Хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж байгаад туйлын их баярлаж байна”.