“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2015” нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2015” нээлтийн үйл ажиллагаа, ажил олгогчдын зөвлөлгөөнийг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
Зөвлөлгөөнийг дүүргийн Засаг даргын 2015 оны А/32 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамтран зохион байгуулж, зөвлөлгөөнд төрийн 42 байгууллага, хувийн хэвшлийн ажил олгогч 50 гаруй байгууллага оролцлоо.
Зөвлөлгөөнөөр дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд”
“Хөдөлмөрийн нөхцөлийн эрсдэл, хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх тухай”
“Эрүүл ажлын байр”
“Галын аюулгүй байдлын талаар аж ахуй нэгж байгууллагуудад анхаарах асуудал”
“2014 онд дүүргийн хэмжээнд гарсан осол зөрчил болон аж ахуй нэгж байгууллагуудад анхаарах зарим асуудлууд”
Аж ахуйн нэгж, байгууллагуудад “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУГ” аялуулах үйл ажиллагааг “Депод” ХХК-иас эхлүүлэхээр шилжүүлэн өглөө. Аж ахуйн нэгж, байгууллагуудад туг аялах хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шинэлэг, үр дүнтэй үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах ач холбогдолтой юм.
Сарын аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалт, УБЦТС ТӨХК-тай хамтран “ХАБЭА удирдлагын тогтолцоо” сэдэвт өдөрлөг, “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” үзүүлэх сургалт, “ХАБЭА” сэдэвт ажил мэргэжлийн тэмцээнийг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зохион байгуулахаар төлөвлөөд байна.