Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааны ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК-д газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/223 дугаар захирамж гаргав. Захирамжийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох 310 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-2-Б-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.6 га газрыг “Сэкуд” ХХК-д 20 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.
Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ