Баянзүрх дүүргийн 204 дүгээр цэцэрлэг үүд хаалгаа нээлээ
Хаврын дунд Шаргачин туулай сарын шинийн гуравны Дашнямтай өлзийт сайн өдөр буюу 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийв. Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.
204 дүгээр цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр канад технологийн модон байшингийн үйлдвэрлэл, угсралтын “Дэлгэр констракшн” ХХК барьсан. Хүчин чадлын тухайд тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах боломжтой юм. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 7 дугаар хорооны 600 гаруй хүүхдийн 180 нь цэцэрлэгт сурч, хүмүүжих боллоо. Эдгээр хүүхдийг харж, гэртээ ажилгүй байсан эцэг эхчүүд тохьтой, тухтай цэцэрлэгт хүүхдүүдээ өгч хүмүүжүүлж байгаа болохоор сэтгэл амар ажил хийж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байна. Дашрамд сонирхуулахад, дүүргийн хэмжээнд 22 мянга орчим цэцэрлэгийн насны хүүхэд байгаа бөгөөд тэднээс 60 хувь нь цэцэрлэгт хамрагддаг. Баянзүрх дүүрэгт Дэлхийн банкны санхүүжилтээр хоёр, орон нутгийн хөгжлийн сангаар дөрвөн цэцэрлэг тус бүр ашиглалтад орлоо.