Өнөөдрөөс эхлэн нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй

2015 оны 4 сарын 01

Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргасан. Захирамжаар мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ асуудлаар захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.БАТ-ЭРДЭНЭЭС тодруулга авлаа.

-Нийслэлийн Засаг дарга А/230 дугаар захирамж гаргаж анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд Улаанбаатар хотруу оруулахгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийн талаар танилцуулахгүй юу?

- Улаанбатар хотод тулгамдаж байгаа хүндрэл, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудын нэг бол байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэрлэл болон түүний үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээ. Үүний нэг жишээ бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж маш их бохирдолтой усыг Туул голруу шууд цутгаж байгаа үйл явц юм. Энэ асуудлаар ч иргэд бидэнд багагүй гомдол ирүүлж, зохих хууль, журмын дагуу хяналт шалгалтыг явуулдаг. 2012 оны УИХ-ын 74 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод үйл ажиллага явуулдаг Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар болсон. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд бүгд Улаанбаатар хотын төвд үйл ажиллагаа явуулж байгаа.
Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийслэлээс нүүлгэж шилжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн энэ удаагийн шалгалтаар зарим арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Энэ нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн угаагаагүй бохир ноосыг  Улаанбаатар хотын нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхгүй байх шийдвэр юм. Ингэснээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасгана гэж бид тооцож байна.

-Уг шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж ноосоо хаана угаах вэ гэдэг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Улаанбаатар хотод ноосны чиглэлээр ажилладаг байсан зарим үйлдвэр хөдөө орон нутагт шилжин ажиллаж байна. Одоогоор 12 аймагт ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Харин төрийн бодлого, чиглэлийг дэмжихгүй, эсэргүүцэж хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа 4-5 аж ахуйн нэгж байна. Нийслэл энэ чиглэлийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, тэдний санал, хүсэлтийг авдаг. Тэдний хэлж буйгаар хотоос гараад ажиллах бүрэн боломжтой байна гэж байгаа. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж өөрийн аймагтаа болон ойролцоо аймагтаа очиж ноосоо угаалгаад хотруу оруулах  боломжтой.

- Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ямар газрууд хангаж ажиллах вэ, цаашид зөвхөн ноос гэлтгүй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх ажил хэрхэн үргэлжлэх вэ?

-Бодлогын хувьд Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахйн газар, хяналтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тавьж ажиллана. Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газар хөдөө орон нутгаас нийслэлрүү орж буй гол замууд дээр пост гаргаж шалгалт хийнэ. УИХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мэдээж бүх үйлдвэрийг шууд гаргах боломжгүй тул төрлөөр нь ангилан тооцоо, судалгаа хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд ч боломж олгох замаар нүүлгэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19932
0 эможи
keyboard_arrow_up