Д.Алтанхуяг: “Буянт-Ухаа 2” хороололд нэг өрөө байр байхгүй

2015 оны 3 сарын 17

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Шинэчлэлийн Засгийн газрын “Бага, дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 га газарт “Буянт-Ухаа2” хороолол баригдаж байгаа.Тус хорооллын эхний ээлжийн орон сууцны барилга 2015 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно.“Буянт-Ухаа2”хороолол нь 48 ширхэг есөн давхар орон сууцны барилга, 60 ширхэг 12 давхар орон сууцны барилгаас тус тус бүрдэх юм. Мөн 1200 хүүхдийн хоёр сургууль, 240 хүүхдийн дөрвөн цэцэрлэг баригдана. Ингэхдээ тус хорооллын хүүхдүүд сургууль, цэцэрлэг рүүгээ явахдаа машин зам хөндлөн гарахгүй байхаар төлөвлөлтийг шийджээ. Түүнчлэн хороолол дотроо спорт цогцолбор хоёр ширхэг, томоохон үзвэр үйлчилгээний төв болон 12 ширхэг худалдааны төв, долоон давхар нийт 400 автомашины нэгдсэн гражтай байхаар зураг төслийг нь шийджээ.Орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК ажиллаж, одоогийн байдлаар 25 ширхэг барилгын угсралтын ажил бүрэн дууссан аж. Тус хороолол 2016 оны гуравдугаар улиралд бүрэн ашиглалтад орно.  “Буянт-Ухаа-2” хороолол баригдаж дууссанаар 6500 орчим өрх орон сууцтай болно. Одоогийн байдлаар эдгээр барилгуудад 73,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ингэхдээ “Буянт-Ухаа-1” хорооллын борлуулалтын орлогоор хөрөнгө оруулалт хийсэн аж. Мөн “Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд хувийн хэвшлийнхэн хамрагдах боломжтой болсон юм.

ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг:

-“Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцны нэг ам.метр талбай нэг сая 280 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны үнэ хэд байх бол?

-“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны иргэдэд худалдах ам.метрийн үнийг эцэслэн гаргаагүй байна. Бид байрны үнийг аль болох өсгөхгүй байх бодлогыг барьж байгаа. Гэхдээ зарим талаараа хүндрэлтэй зүйлүүд байна. Өөрөөр хэлбэл, барилгын материал тэр дундаа цемент, арматурын үнэ 2014 онд нэлээд өслөө. Тиймээс барилгаа эцсийн байдлаар барьж дуусаад түүнд орсон нийт зардлаа тооцож үзэж байгаад борлуулах үнийг гаргана.

-Өмнө нь захиалгаа өгөөд бүртгүүлчихсэн иргэд “Буянт-Ухаа 2” хороололд нэмж бүртгүүлэх үү?

-Өмнө нь бүртгүүлсэн хүмүүс бүртгэлдээ шууд хамрагдана.

-“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны өрөөний зохион байгуулалтыг өөрчилсөн гэсэн. Чухам яаж өөрчилсөн юм бол?

-“Буянт-Ухаа 1” хорооллын туршлагаас харахад иргэд нэг өрөө байр захиалах сонирхол багатай байдаг юм билээ. Ихэвчлэн 2-3 өрөө байр захиалах сонирхолтой. Тиймээс “Буянт-Ухаа 2” хороололд нэг өрөө байрны төлөвлөлтийг байхгүй болгосон. Давхар тус бүртээ долоон айлтай байсныг зургаан айл байхаар шийдэж, хоёр өрөө байр дөрөв, гурван өрөө байр хоёр ширхэг байхаар төлөвлөсөн.

-“Буянт-Ухаа 2” хорооллын байрны үнэ “Буянт-Ухаа 1хорооллын үнээс хямдрах боломжтой юу?

- Бид иргэдээ орон сууцжуулахдаа ашиг олох зорилгоор биш яг гарсан өртгөөр нь өгч байгаа. Хотын төвийн шинэ орон сууцны дундаж үнэ 2 сая төгрөг байгаа. Хотын зах руу бүрэн цутгасан биш дүүргэлт хийсэн байрны үнэ 1,1 саяас эхэлж байгаа байх. Манайх анх “Буянт-Ухаа 1” хорооллынхоо захиалгыг авахад 15 мянган хүн бүртгүүлэхээр хандаж байлаа. Тэдний 8000 гаруй нь шалгуур хангаж, түүнээс 5600 орчим хүн үлдэж байсан. Гэр хороололд 186 мянган өрх амьдарч байна. Тэгэхээр 1,280,000  сая төгрөгийн байрыг хүмүүс сонирхохоо байсан гэвэл худлаа гэж би хэлнэ. Манай “Буянт-Ухаа 2” хорооллыг ч хүмүүс ихээр сонирхож байгаа.Тиймээс барилгаа эцсийн байдлаар барьж дуусаад түүнд орсон нийт зардлаа тооцож үзэж байгаад борлуулах үнийг гаргана.

-Иргэдийн орон сууц худалдан авах чадвар өнөөдөр муу байна. Байранд орох эрхээ авсанхэрнээ мөнгөө төлж чадахгүй иргэд байсан?

-Иймэрхүү бэрхшээл манай иргэдийн дунд гарсан. Ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд банкны зээлд хамрагдах нь асуудал үүсгэсэн. Зээл өгөх эсэх бол банкны өөрийнх нь шалгуур шүү дээ. Засгийн газар “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцнаас авсан иргэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах журмыг баталж өгсөн. Энэ журамд хамрагдсан хэр нь банкны зээл дээрээ унасан иргэд бий. Үүнийг бид банкны өмнөөс шийдэх боломжгүй учраас гэрээгээ цуцлахаас аргагүй. Дараагийн хүнд нь байрыг шилжүүлэх замаар л ийм асуудлыг шийдсэн дээ.

-Энэ журмаар иргэд орон сууцны үнийн 30 хувийг урьдчилан төлөх ёстой. Гэтэл тэр 30 хувь нь иргэдэд байхгүй байж болно. Үүнийг зээл рүү шилжүүлэх боломжтой юу?

-Үүн дээр Засгийн газраас дэмжлэг үзүүлвэл иргэдэд таатай байх болов уу. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа төлбөрийг заавал 30 хувь биш 20 болон түүнээс доош хувиар багасгах боломж юу байна гэдгийг судалж үзээд шийдвэр гаргавал иргэдэд их тус нэмэртэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19266
0 эможи
keyboard_arrow_up