Б.Бадрал “АСЕМ” -ын орнуудын хотын дарга нарын уулзалтад оролцлоо
Ази-Европын орнуудын Хотын дарга нарын 3 дахь удаагийн уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотод “Орон нутгийн шинэчлэл ба сэргэн мандалт” сэдвийн хүрээнд болсон тус хуралд Берлин, Будапешт, Ротердам, Варшав, Лисабон, Жакарта, Астана, Сингапур, Манила, Ханой, Бангкок, Фүкүока, Пусан, Улаанбаатар зэрэг 24 хотын төлөөлөл оролцож, Байгаль орчин, Зам тээвэр, Аялал жуулчлалын салбарт тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах стратеги аргачлал, туршлагаасаа хуваалцан, санал солилцов. Хотууд агаар, хөрсний бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хотын дүрэм, хуультай болох, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хянан зохицуулах бодлого, хууль журмыг боловсруулах, шинэ санаачлага технологийг нэвтрүүлэх, аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг хангахад төрийн болон үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, иргэд, нийгмийн бүлэг, хүмүүсийн хамтын ажиллагааг сайжруулах талаар санал нэгдэж “Бангкок хотын тунхаглал”-ыг баталсан байна.
Тус уулзалт нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 4 дэх удаагийн уулзалтыг Португал улсын нийслэл Лисабон хотод 2017 онд зохион байгуулахаар болов.