ХУД-ийн ЭМТ-ийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Т.Пүрэвчулуун: 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

2015 оны 3 сарын 13

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Т.Пүрэвчулуунтай цаг үеийн байдал болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынх нь талаар хэдэн хором ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

 

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Т.Пүрэвчулуун: 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн та сайн байна уу.

-Та иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэдэн оноос сонгогдож ажиллаж байна вэ?

-2008-2012 онд Хан-Уул дүүргийн 6-хорооноос Иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдон ажилласан. Харин  2012 онд 15-р хорооны иргэдээс сонгогдон ажиллаж байна.2008-2012 онд хийсэн томоохон ажил гэвэл 6-р хороонд 120 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Тус хороо маань яармагт байдаг ба 8000 гаруй иргэнтэй мөртлөө сургууль, цэцэрлэг байхгүй байсан. Бусад төлөөлөгчидтэйгээ хамтран сангийн яаманд санал оруулан төсөв шийдвэрлүүлэн 189-р цэцэрлэгийг ашиглалтад оруулж байсан.  Одоо 6-р хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 хувь нь 189-р цэцэрлэгт явж байгаа.Энэ бол маш том ажил байсан. Мөн хороо, өрхийн эмнэлэг цагдаагийн цогцолбор барилгыг ашиглалтад оруулсан боловч дотор заслыг хийгээгүй байсан. Өрхийн эмнэлэгт 25 сая төгрөгний засвар хийсэн мөн дээврийг засварласан байгаа. Гаднах хүүхдийн тоглоомын талбай гудамж талбайг зассан гээд олон биет ажлуудыг хийж дуусгасанаа дурьдахад таатай байна.

-Энэ  онд хэрэгжүүлэх онцлог ажлынхаа талаар ярихгүй юу?

-Манай 15-р хороо нь бүтээн байгуулалт ид өрнөж байгаа хороо бөгөөд 2012 онд 11 мянга гаруй хүн амтай байсан бол олон хотхон орон сууц ашиглалтад орсноор хүн ам нь 21 мянга болтлоо өссөн. Ийм учраас хороог хоёр хуваах талаар нийслэлд хандсан боловч энэ жил боломжгүй гэж үзэж хороонд ажиллах боловсон хүчний орон тоог нэмж өгсөн. 21 мянган хүн амтай хэрнээ ганцхан 115 дугаар сургуулиас өөр улсын сургууль мөн цэцэрлэг байхгүй. Харин хувийн 20 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэлийн төлөөлөгч н.Байдрагаар дамжуулаад 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг сургуулийн барилга 2-3 жилийн өмнө  баригдаж дуусах байсан боловч газрын маргааны асуудлаас болоод хойшлогдсон.  

Том хорооллууд баригдаад байгаа хэрнээ сургууль, цэцэрлэг барихгүй байна. Уг нь бол сургууль, цэцэрлэгийг нь шийдвэрлэх ёстой. Улсын комисс хүлээж авсны дараа иргэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг хаана байна гээд асуудал ярьдаг. Цаашдаа бид  барилгын компаниудад газар өгөхдөө сургууль, цэцэрлэг, эмнэлэг заавал байна гэсэн шаардлага тавьж байж газрын зөвшөөрөл өгдөг болох хэрэгтэй. Харамсалтай нь энэ эрх дүүрэгт байхгүй байна.

-Танай хорооны иргэд эрүүл мэндийн үйлчилгээг өрхийн эмнэлгээсээ авч чадаж байна уу?

-15-р хорооны хувьд өдөрт 80-100 хүн дүүргийн эрүүл мэндийн төвд  ирж үйлчлүүлж байна. Өрхийн эмнэлгээ мэдэхгүй, эсвэл олоход хүндрэлтэй учраас шууд 2-р шатны эмнэлэг буюу дүүргийн эрүүл мэндийн төвд  ирж үйлчлүүлдэг. Уг нь бол өрхийн эмнэлгээр үйлчлүүлээд шаардлагатай бол 2-р шатны эмнэлэгт үзүүлэх ёстой. Энэмэтчилэн олон тулгамдсан асуудал байна. Цаашдаа эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэж иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахын тулд ажиллаж байна. ,,

-ИТХ тэргүүлэгчийн хувиар хүүхдэд хандсан ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-ИТХ-аар 2013-2017 он хүртэл “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр хэрэгжинэ. Өнгөрсөн жил энэ хөтөлбөрт 1 тэрбум төгрөг баталсан. Үүнээс боловсролын чиглэлд 800 сая төгрөг эрүүл мэндийн чиглэлд 200 сая төгрөг баталсан. Энэ жилийн хувьд энэ төсөлд 800 сая төгрөг баталсан. Ирээдүйн эзэд болсон багачууд эрүүл саруул, боловсролтой байвал манай улсын ирээдүй хөгжин дэвшинэ. Нэг дүүргийн хувьд ийм хөтөлбөр санаачлаад хэрэгжүүлж байгаа нь ололт.

Мөн 2011 онд “Эрүүл хүүхэд”   аян явагдан хүүхдийн өвчлөлийн түвшинг тогтоохоор үзлэгийг нийгмийн даатгалын хөрөнгө оруулалтаар хийсэн. Нийт хүүхдийн 70 хувь нь өвчлөлтэй байна. Эдгээр хүүхдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй ялангуяа 5-10 насны хүүхдийн шүдний эрүүл мэнд үнэхээр анхаарах түвшинд хүрсэн байсан. Гэвч эрүүлжүүлэх гэхээр тоног төхөөрөмж, эмч ажилчдын хүртээмжгүй байдлаас болоод чадахгүй байсан. Харин  “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрын хүрээнд 46 сая төгрөгөөр хүүхдийн шүдний кабинет байгуулсан. Энэ кабинет урьдчилсан сэргийлэх үзлэг хийх, ломбодох зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Дүүргийн хөрөнгө оруулалтаар шүдний түрхлэгийн 2 жилийн хэрэгцээг өгсөн байгаа. Нэг дүүрэг ийм ажил хийнэ гэдэг бол  том амжилт. Дээрхээс гадан манай дүүргийн Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх нэгдсэн эмнэлэг дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин, хүүхэд эрүүл болоод ирэхээр тоглох орчинг бүрдүүлж өгсөн. Энэ ажилд ИТХ, Засаг дарга Ж.Ганхуяг нар хамтран нэлээн хөрөнгө оруулалт хийж ажилласан. 2015 онд хүүхдүүдэд хандаж ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зам хийж өгөх зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байна. Ахлах ангийн хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж байна. Ахлах ангийн сурагчдад энэ нь цаг үеэ олсон сургалт болох байх учир нь сонгогдсон төлөөлөгч энэ талаар мэдээлэл өгөх юм бол их өгөөжэй, сонирхолтой сургалт болно гэж бодож байна.

- 2015 оны хувьд ИТХ ямар асуудалд илүү анхаарал хандуулж ажиллах вэ?

-Бага сургууль, цэцэрлэгээ ашиглалтад оруулна. Мөн ахлах сургууль барихаар төлөвлөж байна. Хотхон болгонд концессын гэрээгээр сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байна.Төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох, хүүхдийг багаас нь эрүүл аюулгүй байдалд өсгөх тал дээр анхаарах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллахаар төлөвлөөд ажлуудаа эхлүүлээд байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19071
0 эможи
keyboard_arrow_up