БАЯРТ МЭДЭЭ: Нийслэлд анхны Залуучуудын хөгжлийн төв байгуулагдлаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсан цагаас эхлэн залуучуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, залуучуудын санал, бодлыг сонсох, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хөгжлийн орчин бий болгох ажилд анхаарч ирсэн.
Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн 15 хөгжлийн төвийг байгуулж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр нийслэл хотын залуучуудад зориулсан анхны хөгжлийн төвийг Баянгол дүүрэгт нээлээ. Залуучуудын хөгжлийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара болон дүүргийн удирдлагууд, залуусын төлөөлөл оролцлоо.
Тус дүүргийн хувьд нийт хүн амын 38.3 хувийг залуучууд эзэлдэг байна.
Залуучуудын хөгжлийн төв байгуулагдсанаар залуучуудын хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, амьдралын зөв зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн бүх төрлийн нөлөөллийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон чухал бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна амьдрах ухааны сургалт, лекц хэлэлцүүлэг, компьютерийн сургалтанд тогтмол хамрагдаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэх юм.