Ж.Ганхуяг: Аливаа зүйлийг бүтээх нэг өөр, бүтээсний дараа арчлалтаа сайн хийхгүй бол хэсэг хугацааны дараа эвдэрч үгүй болдог
“Хан-Уул” дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай бүтээн байгуулалт болон онцлох томоохон ажлуудын талаар ярилцсанаа хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Улс орон даяар сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хүндхэн байна. ХУД-т сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгаа вэ?
-Уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. “Хан-Уул” дүүргийн хувьд нийт хүүхдүүдийн 35 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нь 4000 гаруй хүүхэд гэртээ ямар нэг байдлаар өнждөг гэсэн үг. Бид уг асуудлыг шийдэхийн тулд цэцэрлэг, сургуулийг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийж байна.
Зарим хороонд гурван ээлжээр хичээллэдэг сургууль ч бий. Тухайлбал, IX хорооны 114 дугаар сургууль. Тус хороо нь хүрээгээ тэлж IX, XVI хороо гэж хоёр хэсэгт хуваагдсан. Иймээс сургуулийн хүрэлцээний асуудал ч чухал байна. Гэсэн ч өнгөрсөн жил 134 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж нэмэлт 100 хүүхдийн багтаамжтай болгосон. Саяхан VIII хороонд 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орууллаа, X хороонд 150 хүүхдийн цэцэрлэгийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Үүнээс гадна X, XIV, XVI хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа.
- ХУД-т цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтанд орсноор цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 35 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдах боломж харагдаж байна гэсэн үг үү?
-Яг тийм ч биш л дээ, энэ тийм ч хялбар шийдэгдэх асуудал биш. Төсвийн хөрөнгөөр 100 хүүхдийн шинэ цэцэрлэг барихын тулд тэрбум гаруй төгрөг зарцуулдаг. 240 хүүхдийн цэцэрлэг гэхэд нэг тэрбум 700 гаруй сая төгрөгөөр бүтдэг гэхээр бүхнийг төсвийн хөрөнгөнөөс шийднэ гэвэл бүтэхгүй. Үүнийг хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдэх нь хамгийн зөв гарц юм. Сүүлийн үед “Хан-Уул” дүүрэгт хувийн хэвшлийн цэцэрлэг их байгуулагдаж байгаа нь тун сайн. Жишээлбэл, энэ жил 50 гаруй хувийн хэвшлийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай дүүрэг хүүхэд болгонд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх чиглэлд онцгойлон анхаардаг. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдээ зуны сургалтанд хамруулдаг. Тодруулбал, бид 6-аас 9 дүгээр сард цэцэрлэгийн амралт эхлэх үеэр зорилтот бүлгийн айлуудыг тодорхойлж тэдгээр хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх чиглэлээр зуны сургалтыг “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн зунаас хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт эзэмшүүлэхийг зорьж байгаа юм.
- 2014 онд Нийслэл замаа сайн шинэчилсэн. “Хан-Уул” дүүргийн хувьд бүтээн байгуулалтын онцлох ямар ажлуудыг хийв. Энэ жил төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын талаар ярина уу?
- Замаа дагаад хөгжил ирэх ёстой гэсэн бодлогын хүрээнд бидний анхны зорилго бол “Зам” байсан. Үүний дагуу 2010 оноос Яармаг-Нисэхийн замыг шинэчлэх ажлыг хийж энэ жил дуусч байна. Яармаг-Нисэх-Биокомбинат-Шувуу гэсэн дөрвөн чиглэлд том магистрал зам тавихын хажуугаар Богд уулын арын замыг ашиглалтанд оруулсан. Мөн нисэх чиглэлийн түгжрэлийг сааруулах зорилгоор замаа өргөтгөсөн. Өнгөрсөн хугацаанд бид замын дээд бүтцийн асуудлыг ерөнхийд нь шийдсэн. Тухайлбал “Хан-Уул” дүүргийн уулзвараас NTV телевиз хүртэл замын түгжрэл, Дунд голын зам, ажилчдын зам, Яармагийн гүүрнээс Гурвалжингийн гүүртэй холбогдох зам, Шувуу-Өлзийтийг холбосон замыг ашиглалтад оруулсан байгаа. Өнөөдрийн байдлаар “Хан-Уул” дүүрэгт Зайсан орчмын зам, гэр хороолол дундах замыг л шинэчилж ашиглалтад оруулах үлдсэн. Үүнийг бид энэ жилдээ багтаахаар төлөвлөсөн. Дүүргийн цаашдын бодлого бол Нисэхийн эцсийн замыг үргэлжлүүлэн Cонсголонгийн гүүртэй огтлуулан Яармагийн замыг холбох юм. Өөрөөр хэлбэл, цикль хэлбэртэй замыг үүсгэж авто замын ачаалал, сүлжээ, хүмүүсийн нийтийн тээврээр үйлчлүүлэх зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой. Энэхүү хоёр том замын сүлжээний ажил энэ он буюу 2015 онд эхэлнэ. Энэ тухай тодруулбал, нисэхийн эцсээс Cонсголонгийн гүүр хүргэх, Cонсголонгийн гүүрнээс IV хорооны наагуур “Вива сити” хороолол хүргэх дөрвөн үндсэн том магистрал замыг хийснээр Яармаг-Нисэхийн зам бүрэн дуусна.
- Замаа дагаад гэрэлтүүлэг чухал байдаг. Танай дүүргийн хувьд гэрэлтүүлгийн ажил их сайн явж байгаа харагдсан. Гэрэлтүүлгийн ажил хэр зэрэг явж байна вэ? Төсөв хөрөнгө нь хаанаас гардаг юм бол. Өөрөөр хэлбэл гэрэлтүүлгийн ажил амжилттай байна гэж дүгнэж болох уу?
- 2013 оны нэгдүгээр сарын 01-нээс төсвийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нэг зүйлийг орон нутагт өгсөн. Энэ нь суурь зардал гэсэн ойлголтыг гаргаж ирсэн бөгөөд суурь зардалтай тэнцэх хэмжээний мөнгийг тухайн орон нутагт үлдээдэг болсон. Тухайлбал, тодорхой хэмжээний хөрөнгийг орон нутаг өөрөө зарцуулах эрхтэй гэсэн үг. Энэ хүрээнд бид “Хан-Уул” дүүргийн замын сүлжээг сайжруулж эхэлсэн. Замын сүлжээг сайжруулснаар гэрэлтүүлгийн ажил дагаад сайжирна. Дараа нь инженерийн дэд бүтэц, шугам төлөвлөлтийн ажлыг сайжруулах бололцоотой болохыг харсан. Бид гэрэлтүүлгийн ажлын зургийг 2013 онд хийлгэж өнгөрсөн жил зургаан хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон. Энэ жил эдийн засаг сайн байвал бид таван хороог нэмж гэрэлтүүлэгтэй болгох төлөвлөгөөтэй байна. Одоогоор хоёр хорооны гэрлийг шийдэхээр төсөвт мөнгийг нь суулгасан байгаа. Энэ бол IX, X хороо. “Хан-Уул” дүүргийн хувьд зам, гэрэл нь шийдэгдсэн бөгөөд инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэх төлөвлөгөөний дагуу үе шаттай ажлууд хийгдэж буй юм.
- Дүүргийн гэрэлтүүлэг олноороо тавигдаж байна. Үүнийг дараа нь арчилж, хамгаалах үүргийг хэн хүлээдэг вэ?
- “Хан-Уул” дүүргийн гэрэлтүүлэг, ашиглалтын ажлыг хоёр компани хариуцан ажиллаж байгаа. Манай дүүргийн гэрэлтүүлгийн дундаж асалт 95 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, 100 гэрэлтэй байхад 95 нь байнга асч байна л гэсэн үг. Энэ арчлалтын зардлыг дүүргийн төсөвт тусган шийдвэрлэдэг. Ямарваа нэгэн ажил ардаа заавал ашиглалттай явах хэрэгтэй. Аливаа зүйлийг бүтээх нэг өөр. Бүтээсний дараа арчлалтаа сайн хийхгүй бол хэсэг хугацааны дараа эвдэрч үгүй болдог. Ийм тохиолдол зөндөө бий. Хайран их хөрөнгөөр хийж бүтээнэ, дараа нь ашиглалт нь дуусчихдаг. Манайхны нэг төлөвлөлтгүй хийж байгаа ажлын нэг нь энэ юм. Дандаа ашиглалтын эрх дууссанаас болж хэчнээн сайхан ажил хэсэг хугацааны дараа үр дүнгүй болж хувирдаг. Гэрэлтүүлгийн тухайд “Хан-Уул” дүүргийг хариуцсан компаний ажлыг хороо тодорхойлсоны дараа дүүрэг хянаснаар тус компаниуддаа санхүүжилтийг нь олгодог.
- Хорооны тухайд өнгөрсөн жилээс “Хороо өөрсдөө хийе” гэдэг ажлыг эхэлчихлээ. Иргэд хаана ямар ажил хийх хэрэгтэйг хамгийн их мэддэг. Тэр хүмүүст боломжийг нь олгох талаар хичээж байх шиг?
- Энэ мөн ялгаагүй 2013 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Төсвийн тухай хуулинд орон нутгийн хөгжлийн сангийн ойлголт гарч ирсэн. Уг ойлголтод тухайн дүүрэг, хороонд байгаа иргэн тэр хөрөнгөө өөрсдөө хэрхэн зарцуулах захирахаа шийднэ гэсэн үг. Энэ нь нэгж рүү эрх мэдлийг олгох тухай ярьж байгаа юм. Ер нь ямар ч улс тийм л байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл хороонд болж буй хэргийг энд сууж байгаа би мэдэхгүй байх. Тиймээс хөгжил дээрх зарчмаар л явагддаг. Энэ чиглэлийг төсвийн хуулинд хуульчилан баталсан. Орон нутгийн хөгжлийн санг бусад дүүрэг янз бүрээр хэрэгжүүлсэн. Манай дүүрэг санал асуулгын хуудас боловсруулж айлуудаас саналыг нь авсан. Тухайн хорооны хэсэг иргэдийн саналыг нэгтгэж тодорхой тоо гаргасан тайлангаа Иргэдийн нийтийн хурлаар оруулдаг. Иргэдийн нийтийн хурлаар дэмжигдсэн саналыг дүүрэг рүү шилжүүлснээр дүүрэг хуулийн дагуу болсон эсэхийг шалгадаг. Өөрөөр хэлбэл, хуулинд хориглосон зүйл заалт байдаг. Хэрэв хуулинд хориглосон зүйл байвал бид хасах ёстой. Үүний ач холбогдол нь тухайн хороонд хэрэгтэй байгаа зүйлд зарцуулах юм. Үүнд ч бас иргэд идэвхитэй сайн оролцдог.
- Нэхмэлийн шар байрнуудыг Нийслэл дахин төлөвлөлтөд оруулчихлаа. Танай дүүргээс явуулж байгаа дахин төлөвлөлтийн ажлууд хэр ахицтай явж байна вэ. Иргэд байрандаа орох эхлэл байна уу?
- Манай дүүргийн хойд талд дахин төлөвлөлт хийгдэх нийт 20 байр бий. “Хан-Уул” дүүрэг дээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон 26 барилга байгаа. Үүнээс нэг байрны иргэд өөрсдөө компанитайгаа тохирсоноор шинэ байр нь ашиглалтанд орох дөхөж байна. Цаана нь үлдсэн 25 барилгаас 20-ыг нь өнгөрсөн 2014 онд дахин төлөвлөлтөд орууллаа. Гэхдээ бид журмынх нь дагуу компанийг нь шалгаруулаад иргэддээ өгчихсөн. Энэ бол урьдчилсан шалгаруулалт. Иргэд маань тухайн компанитай гурван талт гэрээ байгуулна. Иргэн, компани, НЗД гурвын гэрээ байгуулагдсаны дараа хуучин байрыг буулгах ажлыг эхэлнэ. Миний бодлоор гурван тал сайн ойлголцож ажиллавал энэ ажил 2015 ондоо багтан эхэлнэ. Ямартай ч бэлтгэх ажлуудыг цэгцэлсний үндсэн дээр эхний ээлжинд 20 байр дахин төлөвлөлтөнд орсон.
- Өнгөрөгч онд “Хан-Уул” дүүрэг хүүхдийг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл хүүхдийг дэмжих жилийн хүрээнд нүдэнд харагдаж, гарт баригдахаар ямар ажлууд байв?
- Бид “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” дүүрэг хөтөлбөрийг боловсруулсан. Уг хөтөлбөр маань гурван жилийн хугацаатай. Хөтөлбөрийн дараа ямар үр дүнд хүрсэн байх вэ гэдэг нь тоогоор илэрхийлэгдсэн байх ёстой юм. Энэ нь дотроо хүүхэд хөгжил, хүүхэд хамгаалал гэсэн хоёр дэд хөтөлбөртэй. Хүүхэд хөгжил, боловсруулах чиглэлээр боловсролын байгууллагууд хүүхдийн авьяасыг нээх, ном хөтөлбөр гэх мэт маш олон төслөөс бүрдэж байгаа. Хүүхэд хамгаалал хөтөлбөр бол дан төрийн байгууллагуудын оролцооноос бүрдсэн. Тухайлбал, цагдаагийн байгууллагад гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд хэрхэн хандах, эрхзүйн орчин бүрдүүлэх юм. Мөн хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ямар ажил хийх вэ гэдэг тал дээр анхаарч ажиллах. Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн 70-80 хувь нь шүдний өвчлөлтэй байх жишээтэй. Хөтөлбөрөө дотроо бид төсөл болгон хэрэгжүүлж байгаа юм. Мөн зуны цэцэрлэгт 325 хүүхэд хамрагдсан байдаг. Хүүхдийн авьяасыг нээж, боловсруулахын тулд багш нараараа дамжих ёстой. Багш нараа давхар чадавхижуулах, хүүхдүүдийн багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зэрэг яривал олон төсөл бий.
- Ярилцлагын төгсгөлд 2015 онд хийх томоохон төсөл, хөтөлбөрүүдээсээ хуваалцвал?
- Энэ жил бид нэгдүгээрт хэд хэдэн цэцэрлэг сургуулийн ажлыг хийнэ. Тухайлбал, XVI хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургуулийн ажлыг эхлүүлнэ. XI хороонд 35 дугаар цэцэрлэгийн ажил эхэлнэ. Мөн 27 дугаар цэцэрлэгийг буулгаж шинээр 240 хүүхдийн ортой цэцэрлэг барина. Х хороонд 920 хүүхдийн спортын төрөлжсөн сургууль барих зэрэг олон ажил энэ онд манай дүүрэгт эхлэнэ. Түүнчлэн нийгмийн барилга байгууламж, гэрэлтүүлэг замын чиглэлээр дээр дурьдсан томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.