Д.Энхтайван: 2014 он манай хорооны хувьд түүхэн бүтээн байгуулалтын жил байлаа
Хан-Уул дүүргийн 13-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Энхтайвантай ярилцлаа.
-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг ИТХ-д 2013 онд томилогдсон гэж дуулсан. Өмнө нь ИТХ-д ажиллаж байв уу?
- Энэ албыг анх удаа хашиж байна. Одоогоор “Хан-Уул” дүүргийн 13-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид буюу М.Оюунчимэг, Ц.Баярбат, Д.Батсүх, Б.Цэнгэлмаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
- Хаврын тэргүүн сар гарлаа. Таны хувьд 2014 онд амжилттай хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа дурдвал?
-2014 он бол манай хороо, Туул тосгоны хувьд онцлог түүхэн бүтээн байгуулалтын жил болж өнгөрлөө. Шувуун фабрик- Туул тосгон байгуулагдсаны 50 жилийн ойг энэ нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байсан үе үеийн ахмад буурлууд нийт иргэд маань ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Томоохон бүтээн байгуулалтын хувьд Нисэх- Шувууны чиглэлийн 22,5 км зам, 13-р хороо Туул тосгоны Ажлын албаны шинэ байр ашиглалтад орсон. Мөн ОНХС-н хөрөнгөөр хийгдэх ажлын хүрээнд 55 сая төгрөг хувиарлагдсаныг иргэдийн өгсөн саналын дагуу “Торгон зүлэг ХХК” 52 сая төгрөгөөр 3, 4-р хэсэгт Хүүхэд залуус, ахмадуудад зориулсан ногоон байгууламж, тоглоомын талбайг байгууллаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын санаачлагаар Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй НУТИОД төслийг амжилтай хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг бий болгох чиглэлийн сургалт семинаруудийг үе шаттайгаар зохион байгууллаа. Үр дүнд нь иргэд орон нутагт тулгамдаж буй асуудлаа төр захиргааны байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой болсон. Тухайлбал, Нийтийн тээврийн асуудлыг Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох шат шатны байгуулагуудад хандсанаар шийдвэрлүүлж чадлаа.Мөн Азийн сангийн дэмжлэгтэйгээр орон нутагт гол тулгамдаж буй асуудал болох Карьерууд иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар телевизийн баримтад кино, Туул голын болон Бөхөг, Түргэний голуудын бохирдол, ширгэхэд Карьеруудын нөлөө сэдвээр “Тууринд дарагдсан тосгон” телевизийн нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийн телевизийн сувгуудаар цацаж иргэдийн хүртээл болголоо.
-Хан-Уул дүүргийн хувьд нэг онцлог бол боловсрол, хүүхдүүдэд хандсан олон ажил хийдэг. Тэгвэл 2015 онд энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хүүхэд бол бидний ирээдүй хойч үе тэдний сурч боловсрох эрүүл монгол хүн бий болгоход төрийн оролцоо маш чухал. 2014 онд “Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээнүүд амжилттай хэрэгжсэн. Миний хувьд Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын хичээлийн гол хэрэгсэл болох бөмбөгний асуудлыг Засаг даргын удирдлагын зөвлөлд санаачлан оруулж Хан-Уул Дүүргийн Ерөнхий боловсролын 16 сургуульд нийт 5 төрлийн 144 ширхэг бөмбөгийг шийдүүлж сургуулиудын биеийн тамирын багш нарт хүлээлгэн өгсөн.
Эрүүл монгол хүнийг бий болгохын тулд хүүхдийг багаас нь нийтийн биеийн тамираар хичээллүүлэх шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Энэ ч үүднээс хорооны хүүхэд багачуудын дунд жил болгон Эх үрсийн баяраар “Бидний ирээдүй” 6 төрөлт спорт наадмыг санаачлан сүүлийн 6 жилийн хугацаанд тогтмол явуулж ирсэн. Тус хороонд хүүхэд багачууд залуучуудын чөлөөт цаг өнгөрүүлэх газар ховор байдаг энэ тал дээр анхаарч Дүүргийн эдийн засаг төлөвлөтийн хэлтэст хандан ерөнхий боловсролын 26-р сургуулийн гадна биеийн тамирын талбайг тохижуулах ажлын зураг төслийг нь хийлгээд байна. Энэ ажлаа цааш нь үргэжлүүлэн хийлгэхээр төлөвлөөд байна.
-Энэ онд ИНХ-ын ямар асуудалд илүү анхаарал хандуулж ажиллах вэ?
-Энэ онд Иргэдийн амьдрах орчныг сайжруулах тулгамдаж буй асуудлуудыг нь цаг алдалгүй холбогдох газруудаар нь шийдвэрлүүлэх. Манай хорооны иргэдийн хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал бол карьерууд. энэ тал дээр Карьеруудын холбоо болон Иргэдийн уулзалт хэлэлцүүлэгийг хийхээр төлөвлөөд байна. Мөн Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үнэлэмжийг дээшлүүлж иргэдийн итгэх итгэлийг бий болгох олон олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Ярилцлага өгсөн танд баярлалаа
-Та бүхэнд баярлалаа. Нийт монголчууд болон 13-р хороо Туул тосгоны иргэд та бүхэн ирж буй “Галзууруулагч” хэмээх Хонин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.