"Бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг баталлаа

2015 оны 2 сарын 17

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулав.
Энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэхэд орчны таатай уур амьсгал бүрдүүлэх, хөрс цаг уурын нөхцөлд тохирч ургах чадвартай тэжээлийн ургамлыг нутагшуулж, малчид, фермерүүдийн идэвхи оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг шинэчлэх зорилготой. Хөтөлбөрийг Ногоон тэжээл үйлдвэрлэлд бэлчээрийн шинэ менежмент, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Малчид фермерүүдийн хоршоодыг байгуулах, Хөтөлбөр хэрэгжих газарт загвар аж ахуй болон сургалтын төвийг цогцоор байгуулж ажиллуулах, “Техник дундын үйлчилгээний төв”-ийг бий болгох гэсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөр нь Улаанбаатар хотоос баруун хойш 70 км зайд орших Нарийны хөндий дахь Мухарын ам, нийслэлээс зүүн хойшоо 45 км зайд орших Улиастайн аман дахь Баянголын ам  гэсэн 2 байршилд хэрэгжих бөгөөд 2015-2020 он хүртэл үргэжлэх юм.
Тус хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн мал аж ахуйг эрчимсэн байдлаар хөгжүүлэх таатай орчин бүрдэх, мал аж ахуйн бэлчээрийн даац, ашиглалт сайжрах, малаас авах ашиг шим, сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ өсч, хүн амыг эрүүл хүнсээр хангах хангамж нэмэгдэх, бэлчээрийн талбайгаа шинэ технологиор тарималжуулах иргэн, аж ахуйн нэгж, хоршоод шинээр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэлж байв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17858
0 эможи
keyboard_arrow_up