Дүүргүүдэд гэмт хэргийн зөрчил буурчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүд дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.
Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт гэмт хэргийн шинжтэй нийт 525 гомдол мэдээлэл ирсэн. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 33,7 хувиар буурсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 137 дуудлага, захиргааны зөрчлийн шинжтэй 388 дуудлага ирсэн. Зөрчлийг шалгаж нийт 2.271.000 төгрөгний торгууль ногдуулсан байна.
Харин Сүхбаатар дүүрэгт нийт бүртгэгдсэн 1048 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 8,63 хувиар буурсан. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 343 байна. Сар шинийн баярыг угтаж Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 21 хүнсний дэлгүүрийг шалгасан. “Шаргалжуут” бөөний төвд татварын акцгүй 0,75 гр, 405 шил “Сангийн далай” нэртэй хуурамч архи зарж байсныг илрүүлэн 2015250000566 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 1722 өргөдөл, мэдээлэл ирүүлсэн нь өмнөх 14 хоногоос 9,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас энэ сарын эхний 14 хоногт иргэд, байгууллага аж ахуйн нэгжээс нийт 74 өргөдөл, гомдол, 58 албан бичгийг хүлээн авч шийдвэрлэсэн. Газрын төлбөрт 7,5 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.
Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өссөн үзүүлэлттэй байна. Тус дүүрэгт Нийслэлийн Засаг даргын 103 дугаар захирамжын дагуу санхүүгийн түр горимд шилжүүлсэн. Сар шинийн баярыг угтаж дүүргийн ЗДТГ, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллаж байсан, байгууллага нь татан буугдсан, өөр орон нутгаас шилжин ирсэн ахмадууд буюу бидний нэрлэж заншсанаар “Харъяалалгүй” гэх тодотголтой ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Үүнд 2325 ахмадууд хамрагдсан гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2689 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос буурсан үзүүлэлттэй байна.
Харин Баянзүрх дүүрэгт нийт 3319 дуудлага мэдээлэл ирснээс захиргааны шинжтэй 1804, гэмт хэргийн шинжтэй 689 дуудлага иржээ. Нийт дуудлага 8,3 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй дуудлага 6,9 хувиар өссөн, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 0,16 хувиар буурсан үзүүлэлтэй байна.