Нийслэлийн Засаг дарга удирдлагын багтай “Үр дүнгийн гэрээ” байгууллаа

2015 оны 2 сарын 17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Удирдлагын багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааний хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, удирдлагын зөвлөлийн гишүүд, дүүргийн Засаг дарга нар, Төсвийн шууд захирагч нартай 2015 оны Үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагааны эхэнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан дүүрэг, харъяа агентлаг, төсөвт үйлдвэрийн газруудад “Батламж” бүхий шагнал гардууллаа.
2014 онд Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг,  Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын Хүүхдийн ордон, Авто замын газар, Архивын газар, Нийтлэг үйлчилгээний газар,  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар гэрээгээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч салбар хариуцсан орлогч нар, Удирдлагын зөвлөлийн гишүүд болох нийслэлийн ЗДТГ-ын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөлөгөөний газрын дарга, дүүргийн Засаг дарга нар, Засаг даргын харъяа 14 газар, чиг үүргийн 57 агентлаг, төсөвт үйлдвэрийн газрын удирдлагатай 2015 оны Үр дүнгийн гэрээ байгууллаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бүрэн хангалттай үнэлгээ авч, шагнал гардсан удирдлагуудад баяр хүргэж, нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Эрүүл, аюулгүй Улаанбааатар хотыг бий болгохын төлөө улам хичээнгүйлэн ажиллахыг та бүхнээсээ хүсч байна. Та бидний хамтын хүчээр бүтээн байгуулалтын хурд өмнөх жилүүдийнхээс 2,5 дахин өсчээ. Үүнд ч иргэд сэтгэл хангалуун байгаа төдийгүй илүү их хурдтайгаар ажиллах итгэл, найдвар бидэнд тавьж байна. Сайн зүйл олон байгаа ч дутагдал бас байна. Өнгөрсөн жилүүдийн хариуцлага, ажлын алдааг арилгахгүйгээр одоо ажиллаж байгаа цөөнгүй тохиолдол байгааг хатуу анхааруулмаар байна. Э.Бат-Үүл гэдэг хүнд зориулж, миний төлөө, миний гарын үсгийг авахын төлөө ажиллах хэрэггүй. Надад зориулж биш, намайг аргалах биш, өөрийнхөө хамгийн хайртай дотны хүн, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ажиллаасай гэж та бүхнээс хүсч байна. Эрх мэдэлтэй байх үедээ гаргасан хүнд суртал эргээд танд ирдэгийг бүү мартаарай” гэж онцлон хэлсэн юм.
Мөн энэ үеэр нийслэлийн газрын асуудлыг хариуцаж буй Нийслэлийн Өмчийн харилцааны газартай хугацаатай үр дүнгийн гэрээ байгуулж байгаагаа хэлсэн юм. Учир нь тухайн газартай холбоотой иргэдийн эрх ашиг хөндөгдсөн хэд хэдэн асуудлаар гомдол ирсэн тул тухайн асуудлыг нягтлах зорилгоор богино хугацаатайгаар гэрээний биелэлт гаргах гэрээ байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17814
0 эможи
keyboard_arrow_up