ХУД-ийн 3-р хорооны ИНХ-ын дарга Б.Алтанцэцэг: Иргэд ХЗХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа
-Гуравдугаар хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн талаар яриагаа эхлэх үү?
-Хорооны иргэдийн нийтийн хурлын даргаар 2012 онд сонгогдсон. Манай хороо 10800 гаруй иргэнтэй хороодыг бодвол хүн ам ихтэйд тооцогддог.
Хороодтой харьцуулахад гэр хороолол бага орон сууцны хороолол ихтэй. Хорооны хувьд дахин төлөвлөлтөд орж байгаа хэд хэдэн байршил байгаа ба 21-р байрны хувьд хуучин байраа нураагаад шинэ байр нь баригдаад эхэлсэн. Өнгөрсөн онд 27, 28-р байрууд дахин төлөвлөтөд орж байр нь шинээр баригдаад ашиглалтанд орсон. Харин энэ онд 4, 8, 9-р байрууд дахин төлөвлөд орж байна. Иргэдийн бүлэг байгуулагдсан мөн СӨХ-ын дарга нар нь өөрсдөө бас иргэдээ зохион байгуулах, тендерт шалгарсан байгууллагуудтай гэрээ хийх ажлын явцууд сайн байгаа.
-Танай хорооны иргэний танхимын үйл ажиллагаа иргэдэд хэр их хүртээмжтэй ажиллаж байгаа вэ?
-Шинээр иргэний танхимтай болсноор иргэн төр хоёрыг холбох гүүр болж ажиллаж байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, шинээр гарч байгаа хууль, хуулийн хэлэлцүүлэг санал асуулгыг маш сайн зохион байгуулж байгаа. Манай хорооны иргэний танхим дүүргийн соёлын төвд байрлаж байгаа.
-Орон нутгийн хөгжлийн сангаар өнгөрсөн онд ямар ажил хийгдсэн бэ?
- Орон нутгийн хөгжлийн сангаас олгох төсөв хасагдсан боловч бид өнгөрсөн онд олон томоохон ажлуудыг хийсэн. Тухайлбал, манай хороонд хараагүйчүүдийн байр байдаг. Энэ байр газар нутгийн хувьд Баянгол дүүрэгт ордог боловч уг байранд Хан-Уул дүүргийн 200 гаруй иргэд амьдардаг. Тиймээс дунд гол дээрхи явган хүний гүүрийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иж бүрэн засварлаж, хурд сааруулагч хийсэн. Ингэснээр манай иргэдэд эрүүл аюулгүй газраар зорчих боломжтой болж байгаа юм. Мөн 7, 20 ,49-р байруудад авто зогсоол байдаггүй. Тиймээс “Эко” хавтангаар зогсоол хийж тохижуулсан. Манай хороонд 15,18-р сургуулиуд байдаг. Дээрээс нь цэцэрлэг олонтой 41, 46-р цэцэрлэг,мөн 28-р цэцэрлэг 4-р ясли хоёр маань 24 цагийн үйл ажиллагаатай. Уг цэцэрлэгүүдэд зөвхөн манай хорооны иргэдээс гадна нийт дүүргийн хэмжээний хүүхдүүд ирдэг. Эдгээр цэцэрлэгүүдэд орон нутгийн хөгжлийн сангийн үлдсэн мөнгөөр шаардлагатай засваруудыг нь хийж өгсөн. Тодруулбал, 28-р цэцэрлэг 1959 онд ашиглалтад орсноос хойш сольж чадаагүй байсан хүүхдийн 1-р хоолны тогоо, 46-р цэцэрлэгийн 1-р хоолны тогоог нь сольж өглөө. Харин 41-р цэцэрлэгт хүүхдийн хүнс тэжээлээ бэлтгэдэг агуулахыг тохижуулсан бол 4-р ясли ашиглалтад орсноос хойш шинэчлээгүй байсан цахилгаан шитийг нь шинэчиллээ.
Иргэд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хийх ажлуудад саналаа хэр идэвхтэй өгч байгаа вэ?
-Бидний хийсэн ажил бүгд иргэдийн санал хүсэлтийн дагуу хийгддэг. Орон нутгийн хөгжлийн мөнгөнөөс гадна дүүргийн Засаг даргын хөрөнгөөс 15 сая төгрөг авч хорооныхоо 15-р сургуульд засвар хийж, сургуулийн урлаг заалыг тохижуулсан. Энэ онд манай хороонд орон нутгийн хөгжлийн сангаас 83 сая 53 мянган төгрөг хувиарлагдсан байгаа. Хийгдэх ажлуудын талаар хорооныхоо иргэдээс санал асуулга авч байна. Манай хороо гэр хороолол багатай боловч 073-р цэргийн ангийн ажилчидын байр, олимпийн байруудад халуун ус байдаггүй. Тиймээс энэ асуудлыг 2015 ондоо шийдвэрлэхээр төлөвлөж байна. Гэхдээ иргэдээс санал авч байж шийдвэрлэдэг. Бид нар санаачлаад хийж болдоггүй.
-Хороо бүрт ХЗХ байгуулагдаж байгаа. Танай хорооны хувьд энэ ажил ямар түвшинд явж байгаа вэ?
- Манай хорооны ХЗХ-ны ажил жигдрээд явж байгаа. 100 сая төгрөгний төслийн саналыг ХЗХ аваад нийслэлд хүргүүлсэн байна. Иргэд энэ ажилд маш их идэвхтэй оролцож байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгчидийг дэмжих төв, хөдөлмөрийн хэлтэс хамтраад иргэддээ төсөл бичих зааварчилгааг өгч төслийг нь бичүүлээд зохион байгуулалтад оруулаад ажиллаж байгаа. Сар шинийн баярыг угтан ХЗХ-ны гишүүд хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргалаа.
-Иргэдийн нийтийн хурал хорооныхоо залуучууд, ахмадын байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
-Иргэдийн нийтийн хурал хороо, залуучуудын байгууллага, ахмадын байгууллагтайгаа маш сайн хамтарч ажилладаг. Энэ утгаараа манай гуравдугаар хороо дүүргийн хэмжээнд амар тайван хороогоор шалгарсан. Гэмт хэрэг бусад хороодтой харьцуулахад харьцангүй бага гарч байгаа. Энэ бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл сайн ажилласны үр дүн. Уг зөвлөлийн гишүүдийг эргүүлээр гаргах, өдөрт эргүүлээр гарч байгаа иргэдээ дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад цалинжуулж байгаа. Мөн орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлуудынхаа бүрэн бүтэн байдлыг хангах хамгаалах зорилгоор бүлэг гаргасан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлаа давхар хийгээд явдаг. Ингэж хоорондоо уялдаа холбоотой ажилладаг учраас амар тайван хороогоор шалгарч чадсан.
-Танай хорооны гэрэлтүүлэг, камержуулалт хэдэн хувьтай хийгдэж байгаа вэ?
- Нийслэлээс болоод дүүргийн хөрөнгөөр гурвалжингийн гүүрний орчимд гэрэл тавьсан. Одоо камержуулах асуудлаар дүүрэгт санал хүргүүлээд байгаа. БХТН-ийн байрны явган хүний зам хүртэл гэрэлтүүлж чадсан. Орон сууцнуудын дундах гэрэлтүүлэг хийгдэж байгаа. Энэ онд мөн үргэлжлэн камержуулах болон гэрэлтүүлгийн ажил хийгдэхээр төлөвлөж байна.
-Гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгуудад ослоос урьдчилан сэргийлэх үүднээс хяналт шалгалт хийгдэж байгаа юу?
-Хорооны хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад дүүргийн мэргэжлийн хяналт, хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад маш их анхаарч ажиллаж байгаа. Ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр мөн хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад шалгалтуудыг маш их хийж байгаа.