“ГАЛЗУУРУУЛАГЧ” ХЭМЭЭХ МОДОН ХОНЬ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
Нийслэлийн “Хан-Уул” дүүргийн эрхэм хүндэт Иргэн танаа!
Ирж буй XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн сарын өлзий дэмбэрэл дүүрэн энэ өдрийн мэндийг хүргэж, амар амгаланг айлтган мэндчилж байна.
Эргэх дөрвөн цагийн аясыг тольдон амьдрал ахуйгаа тэтгэсээр ирсэн Монголын ард түмний уламжлалт их сар шинийн баяр айлчлан ирлээ. Монголчууд бид ёс уламжлалаа дээдлэн, азай буурлуудаа хүндэтгэж, сайн үйлс, сайхан ерөөлийг билэгдэж ирж буй жилээ угтдаг эртний сайхан заншилтай ард түмэн билээ.
Халаагаа өгч буй “Тийн ялгуусан” хэмээгч модон морь жилд “Хан-Уул ” дүүргийн иргэн та бидний хүсэл, мөрөөдөл төрөлх хот, дүүргээ хөгжүүлж, амгалан тайван амьдрах гэсэн нэг л зорилго дор нэгдэж байсан учраас их ажил, их амжилтаар дүүрэн өрнүүн сайхан жил болж өнгөрлөө. Тиймээс аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийнхээ санаа бодлыг ямагт сонсож, нийтийн эрх ашгийн төлөө иргэдтэйгээ хамтран шийдвэр гаргах зарчмыг баримтлан ажилласаар ирлээ. 2014 онд манай дүүрэг дараах таван зорилт дэвшүүлэн ажилласан. Эрүүл чийрэг Монгол хүн-Эрүүл дүүрэг, Амины сууцтай - Хөгжлийн дүүрэг, Ажилтай орлоготой Монгол хүн- Баян дүүрэг, Аюулгүй орчинтой Монгол хүн-Тайван дүүрэг, Эрх чөлөөтэй Монгол хүн- Иргэншсэн дүүрэг гэсэн зорилтын хүрээнд 120 ажил төлөвлөснөөс 95 хувийн биелэлттэйгээр модон морин жилээ үдэн гаргаж байна.
Хаврын тэргүүн сарын “Галзууруулагч” хэмээх модон хонь жилдээ айл өрх бүрийн амьжиргаа дээшилж, азай буурал, нялхасууд маань эрүүл энх, баяр баясгалангаар дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
“Хан-Уул” дүүргийн Засаг Дарга Ж.Ганхуяг