Б.Мэндсайхан: Манай хорооны ажлыг иргэд маань бүрэн хангалттай гэж дүгнэсэн
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Дарга Б.Мэндсайхан
-Тавдугаар хорооны иргэдийн нийтийн хурал өнгөрсөн онд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар яриагаа эхлүүлье.
-Өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангаар манай хороонд 83 сая орчим сая төгрөг хувиарлагдсан. Батлагдсан төсвөөр юу хийж болох талаар иргэдээс санал авах ажлыг дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран хийж нэгтгээд, ИНХ-аар хэлэлцүүлэн дүүргийнхээ ЗДТГ-т хүргүүлсэн. Мөн өнгөрсөн оны наймдугаар сард 2015 онд ямар ямар ажил хийх талаар иргэдээсээ судалгаа авч хүргүүлээд байна.
Хорооны ИНХ-ын Тэргүүлэгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн хурал, тайлан, хэлэлцүүлгийн хурал гээд сар бүр тогтмол хийдэг хурлууд байдаг. Эдгээрэс гадна зарим нэг санаачлан хийсэн ажлуудыг дурьдвал:
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОРОО” уралдаант аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны ИНХ-ын тэргүүлэгчдийн санаачилгаар “Сэтгэлийн бэлэг” өдөрлөг болж хөгжлийн бэрхшээлтэй нэр бүхий 30 хүүхэд бэлэг гардан авч онц сурч, эх орондоо ихийг бүтээсэн иргэн хүн болоорой гэсэн ерөөлөөр мялаалгасан юм.
ДИТХ-ын төлөөлөгч С.Баасандолгор, ИНХ-ын Тэргүүлэгчидийн санаачилгаар 41-р сургуулийн 1-5-р ангийн хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн зохион байгууллаа. Энэхүү шатрын тэмцээнийг уламжлал болгон явуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд насны ангилалыг ч нэмэгдүүлхээр болсон.
-Тавдугаар хороонд өнгөрөгч онуудад хөрөнгө оруулалтын ямар ажлууд хийгдсэн бэ?
ХУД-ийн 5 дугаар хороонд 2013, 2014 онуудад Хан Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн их засвар 50,0 сая, 29 дүгээр цэцэрлэгийн барилга, сантехник, цахилгааны засвар 50,0 сая, Хан Уул дүүргийн “Яармаг” ОНӨААТҮГ-ын гадна авто зогсоолын тохижилтын ажил 79,9 сая, Ггудамжны гэрэлтүүлэг 357ш буюу 453,3 сая, Бохирын цооног /ААЗ бохирын цооног шинээр хийх/ 20,0 сая, Бохирын цооног сэргээж ариутгах /АШ-80 айл/ 5,0 сая, Хорооны ойр орчим тохижуулахад 25,0 сая, 41-р сургуулийн их засвар 120 сая, Хорооны Иргэний танхимын тоног төхөөрөмж, байрны засвар 9,3 сая, Хүүхдийн тоглоомын талбай, амралт зугаалгын бүс байгуулах /71-р цэцэрлэгийн урд/ 60,0 сая, Камержуулалт 24,0 сая төгрөгийн ажил хийгдсэн байна. Хамгийн сүүлд гэхэд л дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг 71,29 дүгээр цэцэрлэгүүдийн хүүдүүдийг дулаан тухтай өвөлжихөд шаардлагатай 19,3 сая орчим төгрөгийг шуурхай шийдвэрлэн өгч сантехник, дулааны засварын ажлыг хийж гүйцэтгэн хүүхдүүд маань тохилог дулаан өвөлжиж байна.
Төсөвийн хөрөнгөөр хийгдсэн эдгээр ажлуудаас гадна Хорооны Засаг Дарга Б.Батзаяа, нийгмийн ажилтан Д.Энхжргал, 71-р цэцэрлэгийн эрхлэгч С.Эрдэнэчимэг нарын идэвх санаачилгын үр дүнд БНТУ-ын “Тика” ОУБ-аас хүүхдийн ариун цэврийн өрөөний тохижилтонд 76 сая төгрөгийг, БНСУ-ын КОИКА олон улсын байгуулгаас 70 гаруй сая төгрөгөөр хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй орчинг бүрдүүлэх, тоглоомын талбайн орчинг сайжруулах төслийн хөрөнгийг татаж чадсан нь хорооны хүүхдүүддээ барьсан томоохон бэлэг болж чадсан.
Энэ бүхнийг нэгтгээд үзэхэд 5-р хороонд сүүлийн 2 жилд 1,06 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт, тохижилтын ажлууд хийгдсэн байна.
Гадаадын тусламж, хөрөнгө оруулалтыг ихээр татаж чадсан С.Эрдэнэчимэг эрхлэгчтэй хамт олонд ажлын өндөр өмжилт хүсье.
БНСУ-ын иргэн багш И Хэ Ён багшийг ДИТХурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.
-ИНХ жилд хэдэн удаа хуралддаг вэ?
-Хуулиар бол иргэдийн нийтийн хурал жилд 3 аас доошгүй удаа хуралдах ёстой байдаг. Гэвч манай хороо нь зөвхөн хадгаламж зээлийн хоршоо байгуулах ажлын хүрээнд гэхэд л 3 удаа хуралдсан. Мөн тайлангийн хурал, орон нутгийн хөгжлийн сангийн хурлыг хорооны засаг дарга түүний ажлын багтай хамтран хийлээ. Хэрэв хэлэлцэх асуудал гарвал дор дор нь шийдэн хуралдах боломжтой. Иргэдийн саналаар хөрөнгө оруулалтын ажлуудыг хийдэг болсоноор иргэдийн оролцоо идэвхижиж, ИНХ-ын үүрэг ч нэмэгдэх хандлагатай байна. Хамгийн сүүлд 2015 оны 02-р сарын 01 нд болсон ИНХ-ын ирцнээс харахад л иргэдийн идэвх илт нэмэгдсэн байлаа. Энэхүү хурлаар 2015 онд ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэн баталж, хорооны болон ӨЭМТ-ийн үйл ажиллагааны тайланг иргэдээр хэлэлцүүлсэн юм. Иргэд маань 99% саналаар бүрэн хангалттай гэсэн үнэлгээ өгсөн.
-ИНХ-ын талаарх мэдээлэл иргэдэд хэр байна вэ?
-Иргэдийн нийтийн хурал бол тухайн хорооны удирдах дээд байгууллага шүү дээ. Энэ утгаараа таван тэргүүлэгч байдаг. Иргэдийн нийтийн хуралд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба арга зүйгээр ханган хамтран ажилдаг. Иргэдийн Нийтийн Хурал нь иргэний танхимын ажилтантай болсоноор үйл ажиллагаа нь тогтмолжиж иргэдэд хүрэх боломж хүртээмжтэй болсон. Иргэний танхимын ажилтан иргэдээс санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, ямар сэдвээр хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах талаар ИНХ-д санал болгодог. 2014 онд Хорооноос 9 сэдвээр иргэдийн дунд сургалт хэлэлцүүлэг хийсэн байна. Болж өгвөл сардаа 1-2 удаа хөгжлийн хэлэлцүүлэг, эдийн засаг, бичил бизнесийн талаар, архидалт, гэмт хэрэгтэй хэрхэн тамцэх, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ажлын албаныхан хорооны ИНХ-ын ажилтай танилцах ажлыг тогтмолжуулсанаар Хорооны ИНХ-ын үйл ажиллагааг чадавхижуулах, үнэлт дүгнэлт өгөхөд ихээхэн тустай арга хэмжээ болсон.
-ИНХ хуралдаад иргэдийн гаргасан асуудлаас ямар асуудал шийдвэрлэсэн бэ?
-2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр манай хороод байдаг 2 нийтийн байранд иргэдийн санал хүсэлтээр засвар үйлчилгээ хийсэн. 2014 онд 71-р цэцэрлэгийн урд тоглоомын талбай чийргжүүлэлтийн талбайг хийхээр иргэд санал гаргаж 60 гаруй сая төгрөгөөр бүтээн байгуулалт хийгдэж байна. Энэ ажил маань 70-80 хувьтай явж байгаа бөгөөд дулаарахаар ногоон байгууламжийн ажил нь хийгдэнэ. Дээрх ажлууд бүгд иргэдийн өөрсдийнх нь саналаар хийгдсэн.
-Иргэдээс ямар асуудал хамгийн их ирж байсан бэ? Энэ онд ямар санал их ирж байна вэ?
-Өнгөрсөн онд чийрэгжүүлэлтийн талбай, ногоон байгууламж тоглоомын талбай гэрэлтүүлэг зэрэг асуудлууд их орж ирж байсан. Энэ жилийн хувьд Дүүрэг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 357 ш гэрэлтүүлгийн ажил хийсэн. Гэрэлтүүлэг бол иргэдээс маш их санал авч байсан. Энэ асуудлыг удирдлагуд маань шийдэж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож өгсөн. 2014 онд амралт зугаалгын бүс тоглоомын талбай дээр иргэд анхаарлаа хандуулж байсан бол энэ онд гудамж хоорондын зам талбай сайжруулах ядаж хайрган хучилттай болгон янзлахаар санал нэгтэйгээр орон нутгийн хөгжлийн хөрөнгийг зарцуулахаар болсон.
Яармаг туул голын сав газрын хөрс нь цэвдэгтэй учраас гудамжнууд овон, товон ихтэй. Өвлийн улиралд цас их тогтож зун нь шавар шалбааг тогтдог. Зарим газар нь машин шаваранд сууж байна.
Одоо танай хороонд тулгамдаж байгаа ямар асуудал байна?
-Манай хороонд тулгамдаж буй асуудал хэд хэд байна. 71, 29-р цэцэрлэгүүдийн гадна бохирын шинэчлэл, зам харилцаа. Цэцэрлэгийн ачаалал ихэссэнээс гадна бохирын цооног нь элэгдэлд орсоноор ашиглах боломж үнэхээр алга. “Өвсний үндэс” төслөөр энэ онд шинэчилчэх төлөвтэй байсан боловч төслийн хөрөнгө нь шийдэгдэх эсэх нь тодорхойгүй болчихоод байна. Хорооны байрны зүүн талаар, 41-р сургуулийн зүүн талаас хойшоо зам тавигдахаар зураг төслийн ажил хийгдсэн. 2014 онд эхэлсэнгүй. Энэ замыг дүүрэг, нийслэл автозамын газар шийдээд энэ жилдээ тавьчих юм бол гэр хороолол дундах тоосжилт байхгүй болж иргэд баярлах болно. Гудамжаар явж байгаа хүмүүсийн эрүүл аюулгүй байдал нь сайжирна. Энэ талаар өчигдөр болсон манай хорооны иргэдийн нийтийн хурлаар нэлээн ширүүхэн ярьж байсан. Эдгээр асуудлуудыг дүүрэгтээ уламжилна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд манай хороонд нэлээн хэд байдаг. Тэдгээр иргэд маань эрүүл хүмүүсээс илүүтэй амьдрах зорилготой, дотоод хүчтэй хүмүүс байдаг. 2014 онд хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл байгуулсан бөгөөд энэхүү зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг уламжилхаас эхлээд Улс, Нийслэл, дүүргийн бодлогод саналаа тусгуулж чихнээс хонх уяж байх ёстой. Эдгээр иргэд сурч боловсрох нөхцөл бололцоо хангалтгүйн нийгмийн харилцаанд бүрэн орж чаддаггүй. Боловсролтой мэдлэгтэй хүмүүс байдаг. Гэхдээ тэд маань тоотой хэдхэн шүү дээ. Иймд эрүүл саруул бид нар л удирдлага, зохион байгуулалтын тал дээр нь идэвхитэй туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна. Амьдралын баталгаажих түвшингөөс доогуур орлоготой хорооныхоо 30 хүүхдэд дүүргийнхээ улаан загалмай хороотой хамтран амжиргаанд нь тус нэмэр болох үүднээс хувцас, хичээлийн хэрэгсэл өгсөн. Энэ бол нэг удаагийн л ажил.
Мөн 29-р цэцэрлэгт манай хорооны тэргүүлэгчид нийлж байгаад 250 мянган төгрөгөөр савлуур хийж өгсөн. Шатарын тэмцээн, мэдээлэлийн самбартай болсон гээд хэдэн тэргүүлэгчдээсээ л санхүүжилтыг нь босгодог.
-Хороо болгонд ХЗХ байгуулагдаж байгаа. ХЗХ байгуулагдаад ирэхээр хэрхэн төсөл бичих талаар иргэд төдийлөн мэдэхгүй байна. Энэ тал дээр танай хороо хэрхэн иргэдээ дэмжиж ажиллаж байгаа вэ?
-Төслөө аваад ирээч төслийг чинь дэмжээд өгье гэхээр энэ талаар мэдлэг мэдээлэл бага байдаг. Оны өмнө манай хороонд “Ган яармаг” ХЗХ үүсгэн байгуулагдсан. Уг хоршоогоор дамжуулан зөвхөн тавдугаар хорооны иргэдэд бичил бизнесийн зээл олгох зорилготой. Нэг сарын хугацаанд ердөө 12 хүн төсөл авчирсан. Бусад нь яагаад авчрахгүй байна. Иргэд маань энэ талаарх дадлага бага, төсөл бичиж үзээгүй хүмүүс байдаг. Хий л төслөө бодоод нойроо хулжаагаад байдаг. Тиймээс иргэдийн дунд энэ талаархи сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Хогны асуудлаа танай хороо хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Манай хорооны хувьд хогны асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Хан-Уул дүүрэг бусад дүүргийг бодвол хогны менежментийг их өвөрмөцөөр шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал “Эко орчлон” ХХК хэр их хог ачиж тээвэрлэнэ төдий чинээ ашигтай ажиллах боломжтой. Хог их байх тусмаа тухайн компани илүү их ашиг олно. Тийм учраас сүүлийн жилүүдэд хур хогны асуудал яригдахаа байсан. 5, 6-р хорооны жалганд хур хогтой байдаг байсан бүгдийг ачсан. Харамсалтай нь зарим иргэд шөнө оройн цагаар хулгайгаар хог хаях явдал мэр сэр гардаг. Тэгж хаях нь зүгээр ачуулсанаас илүү сонирхолтой байдаг бололтой. Хороо өнгөрсөн онд иргэдтэйгээ хамтраад их цэвэрлэгээг хэд хэдэн удаа зохион байгуулсан.
Хорооны ажил гэдэг дүүргийн ажил байдаг. Биднийг дэмжин ажилдаг дүүргийн удирдлага, ажлын албаныханд талархал илэрхийлье. Хорооны хамт олондоо ч талархал илэрхийлээд ИРЖ БУЙ ХОНИН ЖИЛДЭЭ ЭЛГЭЭРЭЭ ЭНХ АМГАЛАН, ТӨРЛӨӨРӨӨ ТӨВШИН АМГАЛАН БАЙХЫН ЕРӨӨЛИЙГ ДЭВШҮҮЛЬЕ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ярилцсан танд баярлалаа. Танд амжилт хүсье.