Ахмадуудын эрүүл мэнд, насжилтанд анхаарна
Хан-Уул дүүргийн ИТХ-аас ИНХ-ын дарга нарын зөвлөл, Ахмадын хороотой хамтран ажиллах санамж бичиг үзэглэх үйл ажиллагаа тус дүүргийн Иргэний танхимд боллоо.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар, ИТХ-ын дарга Д.Батбилэг, ИНХ-ын дарга нарын зөвлөлийн дарга О.Батхуяг нар болон Нийслэлийн ахмадын хорооны дарга Д.Банзрагч оролцсон юм. Энэхүү санамж бичигт үзэглэх ёслолын ажиллагаа нь гурван үндсэн зорилгыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал 2015 онд ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж хамгаалал, эрхзүйн орчин түүний хэрэгжилтийн талаар сургалт явуулах, “Ахмад-Залуу үе” сэдэвт үе шаттай уулзалтыг зохион байгуулах, Ахмад настан ба эрүүл мэндийн өдөрлөгийн үйл ажиллагааг явуулах юм байна. ИНХ-ын дарга нарын зөвлөлийн дарга О.Батхуяг “Бид энэ жил ахмадууд руугаа чиглэсэн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөөд байна. Энэхүү ажлын зорилго нь ахмадын хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна ахмадуудын эрүүл мэнд, насжилтын асуудал дээр анхаарч ажиллах болно. Иймд цаашид ахмадын хорооны төвийг бүх хороодод байгуулах төлөвлөгөөтэй байна. Ахмадын хорооны төвийг байгуулснаар ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой” гэсэн юм. Хан-Уул дүүрэг нь 16 хороотой бөгөөд хороо тус бүрт ахмадын хороо бий. Эдгээр ахмадын хороонд урлаг соёл, бизнес, боловсролын салбарт хүчин зүтгэж байсан 30 гаруй ахмад гишүүн ажилладаг байна.Тэд залуус, хойч үеээ сургах, ахмадууд руу чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг аж.