Дэлхийн банк нийслэлд дэд төвүүд байгуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна
Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлттэй холбоотойгоор Дэлхийн банк газрын харилцаа, хууль эрх зүйн орчин, менежментийн судалгааг нийслэлд хийсэн байна. Судалгааны дүн мэдээг өнөөдөр нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныханд танилцууллаа.
Тайлангийн танилцуулгад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жим Андерсон, судалгааны багийн гишүүд, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг холбогдох албаныхан оролцлоо.
Танилцуулгын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид та бүхний судалгаа, дүн мэдээг хүлээж байлаа. Учир нь Дэлхийн ихэнх улсад Дэлхийн банкны судалгаа, дүгнэлтийг бодитойгоор хүлээн авч, хэрэгжүүлдэг. Тиймээс цаашид зарчимтай, зөв хот төлөвлөлттэй ажиллахад та бүхний энэ судалгаа маш чухал. Бидний хүсэлтийг хүлээн авч, судалгаа явуулсан төслийн багийн гишүүдэд талархал илэрхийлье” гэсэн юм.
Судалгааг Дэлхийн банкны судалгааны багийн гишүүн, Газрын мэргэжилтэн Б.Чинзориг танилцууллаа. 2000 оноос хойш Улаанбаатар хотын хүн амын өсөлт эрс нэмэгдэж, барилгажуулсан нутаг дэвсгэр 40 хувиар нэмэгдсэн байна. Хотын өргөжилтийн үр дүнд Улаанбаатар хот бүс нутгийн ижил хэмжээтэй хотуудаас хүн амын нягтрал хамгийн бага хотуудын нэг болжээ. Энэхүү бага нягтралтай орон зайн өргөжилт нь замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдлыг нэмэгдүүлж, сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээний хүртээмж багасах зэрэг сөрөг үр дагаварыг бий болгосон байна. Мөн Улаанбаатар хот холбогдох хуулийн дагуу газрын дуудлага худалдаа зохион байгуулж газар олголт хийх ёстой. Гэтэл өмнөх жилүүдэд газрын дуудлага худалдаа хийхгүйгээр шууд олголт хийж байсан нь эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний хөрөнгө алдсан тооцоог гаргажээ. Төлөвлөлтгүйгээр газар олголт хийснээс нийтийн эзэмшлийн газар бусдын өмч болж, ашиглагдах тохиолдол цөөнгүй байсан байна. Мөн Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар олгохоор болсон нь нийгмийн болон дэд бүтцийн асуудлыг байршил хамаарахгүйгээр шийдэх шаардлага бий болгожээ. Газар бол өмч, хөрөнгө. Холбогдох хуулиараа ч газрын төлбөр, хураамжтай. Гэтэл газрын төлбөр төлж буй ихэнх газрын эзэд өнөөдрийг хүртэл олон жилийн өмнөх зах зээлийн ханшаар газрын төлбөрөө төлж байгаад Дэлхийн банкны судалгааны багийнхан шүүмжлэлтэй хандаж байсан юм. Жишээ нь Сүбхаатар дүүрэгт тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн газрын хураамжийг 20 жилийн тооцсон үнэлгээгээр 20-25 дахин бага буюу 300 мянган төгрөгөөр тооцож өгч байна. Хэрэв эдгээр асуудлыг шийдвэрлэж зохих хууль журмын дагуу ажиллавал Улаанбаатар хотын эдийн засгийн чадамжийг сайжруулж, хот төлөвлөлтийн зөв зарчимд шилжинэ гэлээ.
Харин Дэлхийн банкны зөвлөх, Хотын хөгжлийн мэргэжилтэн Дейвид Мейсон “2012 оноос хойш Улаанбаатар хотын газрын харилцаанд өөрчлөлт орсон. Тухайлбал шууд газар олголтыг зогсоож, нийтийн эзэмшилд олгосон газрын эзэмших, өмчлөх эрхийг цуцлах үйл ажиллагааг эрчимтэй явуулсан байна. Гэвч өнгөрсөн жилээс барьж, ашиглалтад оруулж эхлэсэн 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газрын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Мөн олон жилийн турш газрын менежмент тааруу явагдаж байснаас шалтгаалж шилжилт, хөдөлгөөн нэмэгдэх бүрд автозамын хүрэлцээ багасаж, иргэд нэг цэгээс нөгөө цэгт хүрэхийн тулд багагүй хугацааг зарцуулж байгаа тооцоо гарсан” гэлээ.
Мөн Дэлхийн банкны судалгааны төслийн багаас Улаанбаатар хот нэг төвтэй хот биш, олон дэд төвтэй хот болохоор зорьж ажиллаж байгааг хот төлөвлөлтийн хамгийн зөв шийдэл гэж дүгнэсэн юм. Одоогоор Баянхошуу, Долоон буудалд дэд төв байгуулах ажлын санхүүжилт шийдэгдэж, бэлтгэл ажил хийгдэж байгаа нь замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол бууруулах нэг алхам болно гэдгийг онцлон хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дэлхийн банкнаас гаргасан энэхүү судалгааны дүн, богино болон урт хугацааны зөвлөмжийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар болон холбогдох албаныхан мөрдлөг болгож ажиллах хэрэгтэй. Цаашид анхаарал олон чухал санааг бидэнд өглөө” гэсэн юм. Мөн энэ үеэр нийслэл удахгүй газрын дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа гэдгийг дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.