А.Бумчумаа: Ямар ч ажил хуулийн хүрээнд л хийгдэх ёстой
ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн X хорооны Засаг дарга А.Бумчумаатай хорооны үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө танай хороо энэ жил ямар ажлууд төлөвлөж буй талаар ярилцлагаа эхлүүлье?
- Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бид энэ жил хэд хэдэн томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр зорилт тавиад байна. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбайн гаднах орчинг сайжруулах зорилгоор “Бидний тоглоомын талбай” төслийг хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд таван цэцэрлэгт шинээр тоглоомын талбайг байгуулах юм. Нисэх хорооллын есөн орон сууцны гадна пасадны дулаалга, засвар ажлыг эхлүүлэхээс гадна гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зэрэг чухал ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа.
- Танай хороо хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна вэ?
- Манайх нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хорооны үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс төрийн албан хаагч 6, хэсгийн ахлагч 11 хүн төрийн үйлчилгээг анхан шатанд нь иргэдэд хүргэн ажиллаж байна.
- Хичнээн хүн амьдарч байна бэ?
- Манай хороо хүн амын төвлөрөл ихтэй. Учир нь 60 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Гэр хороолол хосолсон хороодын нэг юм. 2011 оны байдлаар 2025 өрх буюу 7765 хүн амтай байсан бол өнөөдрийн байдлаар 9011 хүн ам оршин сууж байна.
- Хорооноос санаачлан хэрэгжүүлж байгаа ажлуудад иргэдийн хандлага ямархуу байдаг вэ?
- Иргэдийн идэвхи оролцоо сайн байдаг. Тухайлбал, тохижилтын ажлыг иргэдээс санал авч хэлэлцүүлэн, тэдний оролцоотой иргэдийн оролцоотой хийлээ. Мөн хүүхдүүдтэй хамтарч “Бидний тоглоомын талбай” хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
- Иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлэхийн тулд хорооноос санаачилж буй ажлуудаасаа дурдвал ?
- Өнгөрсөн жилийн хувьд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийт 39 сургалт, хэлэлцүүлэг, санал асуулгыг хороондоо иргэдийн дунд зохион байгуулсан. Энэ жил мөн адил бүтээн байгуулалтын ажил, төрийн үйлчилгээний талаар иргэдээс санал асуулга авах, сургалт зөвлөгөөг зохион байгуулах зэрэг ажлыг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулна.
- X хороонд ямар ямар асуудал тулгамдаж байна вэ?
- Морингийн даваанд 20000 м3 цэвэрлэх байгууламж барих асуудалд иргэдийн зүгээс нэлээн эсэргүүцэлтэй тулгарч байна. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, нисэхийн цэвэрлэх байгууламжийн үмхий үнэрт олон жил амьдарсан иргэд гурав дахь цэвэрлэх байгууламжийг барих ажлын талаар ойлгож хүлээн авахад хүндрэлтэй асуудал бий.
- Шийдвэрлэх гарцыг хэрхэн хайж ажиллаж байна?
- “Эйч Си Эйн”ХХК гэх цэвэрлэх байгууламжийн барилгын компани ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тухайн орон нутгийн иргэдээс санал авсан байх ёстой байдаг. Гэтэл тус компани оршин суугчдаас зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь нэлээн асуудал дагуулаад байна. Тус компанийн хувьд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.2, 18,3, 18,4-р заалтуудыг зөрчсөн. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандсан ч тодорхой шийдвэр ирээгүй байна. Ямар ч ажил хуулийн хүрээнд л хийгдэх ёстой.
- Хороод бүр 2014 онд бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр зорилт тавьж ажил хэрэгжүүлсэн байгаа.Тухайлбал, ажилгүй иргэдийг ажлын байраар хангасан гэх мэт. Танай хорооны хувьд “Хүүхдийг дэмжих жил”-ийн хүрээнд ямар ажлуудыг хэрэгжүүлсэн бэ?
- 2014 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгож зарласантай холбоотойгоор дүүргийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг 2014-2017 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг хөтөлбөрийн хүрээнд бодлогын баримт бичиг, хүүхэд хөгжлийн дэд хөтөлбөр, хүүхэд хамгааллын дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. “Хүүхдийг дэмжих жил”-ийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нисэх орон сууцны хороололд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд оруулсан. Түүнчлэн Морингийн даваанд цэцэрлэг бага сургуулийн цогцолборын барилгын ажил эхлээд гүйцэтгэх шатандаа явж байна. Цэцэрлэг сургууль баригдсанаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд болон ерөнхий боловсролын бага ангийн хүүхдүүдийг бүрэн хамруулах боломжтой юм.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.