Сингапур Улсын Хамтын ажиллагааны байгууллага гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллана
НИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Хамтын ажиллагааны байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Кевин Чон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ноён Кевин Чон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
УИХ-аар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үй ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор 24 байршилд 77 блок, 16109 нэгж талбарын 1547,8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. 2014 оны 10 сард эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд дараагийн ээлжийн барилгуудыг барихаар ажиллаж байгаа юм. Уг төслийг 34 аж ахуйн нэгж хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэгээр ТОСК ТӨҮГ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 16,5 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ноён Кевин Чон 2014 оны 10 дугаар сард ТОСК ТӨҮГ-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу яармаг орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллах юм.
Уулзалтын үеэр НИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга, Д.Баттулга “Юуны өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаад талархал илэрхийлье. Улаанбаатар хотын 1.3 сая хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдардаг учраас агаар, хөрсний бохирдол ямар байгааг харж байгаа байх. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулах зайлшгүй шаардлага, нийгмийн асуудал болоод байгаа юм. 2013 онд уг төсөл эхэлж байхад хамрагдах компани цөөн байсан. Харин одоо томоохон хэмжээний компаниуд оролцож, ажлаа гүйцэтгээд явж байна. Мөн оролцох сонирхолтой компани ч олон байгаа. Та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно” гэдгийг онцлон хэлсэн юм.
Харин Бүгд Найрамдах Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Кевин Чон “Биднийг хүлээн авч уулзаж байгаа Та бүхэнд талархалаа илэрхийлье. Анх гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл авч байхад дөнгөж эхэлж байсан. Харин одоо бол үр дүнгээ өгөөд эхэлчихсэн маш хурдтай явж байгааг харахад таатай байна. 1960-аад оны үед Сингапур улсад гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байсан. Тийм ч учраас бид Улаанбаатар хотод өөрсдийн орны туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.