Шадар сайд хариуцлагатай ажиллахыг санууллаа
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 21 аймгийн удирдлагуудтай уулзаж тодорхой үүрэг, даалгавар өглөө. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын хувьд 2015 оныг “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, олон нийтийн дунд гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг өргөн хүрээнд зохион байгуулах жил болгохыг тус уулзалтын үеэр уриаллаа.Энэ зорилтын хүрээнд аймаг, орон нутагтаа гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, аврах, гал унтраах багаж хэрэгсэл, техник механизмын чанар, тоо, чадавхийг дээшлүүлэхэд өөрсдийн зүгээс онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Бидэнд хамгийн их учирдаг ой хээрийн гал түймэр, гол усны үер, цас шуурганы үед барьц алдахааргүй бэлэн байдлыг хангасан байх үүрэг өгөв.Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалагддаг Мэргэжлийн хяналтын алба, Онцгой байдлын албатай болон Стандартчилал хэмжил зүйн газар, ШӨХТГазар, Оюуны өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газартай орон нутгийн түвшинд нягт холбоотой ажиллаж ард түмэндээ үйлчлэх үүргээ нээлттэй, ил тод, шударга, хариуцлагатай биелүүлж улс төржилтөөс ангид байж эдийн засгийн хямралаас гарахыг уриалав. Үүний тулд цаашдаа сар тутам Шадар сайд өөрийн эрхлэх агентлагийн орон нутаг дахь удирдлагуудтайгаа цахим хурал хийж хэвшихээ илэрхийллээ. Шадар сайдын хувьд томилогдсоноосоо хойш эрхлэх асуудлуудынхаа хүрээн дэхь гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах цар хүрээгээ нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд, НҮБ-ын суурин төлөөлөгч, олон улсын байгууллагын удирдлагуудтай албан уулзалтуудыг хийж хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа билээ. Шадар сайдын эрхлэх агентлагын дарга, дэд дарга нар тус уулзалтанд оролцлоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.