Мансууруулах төрлийн бодис илрүүллээ
Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын албаны хамтын ажиллагааны хүрээнд хар тамхины төрлийн бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх өргөн хүрээтэй ажиллагаа явагдаж байна.
Энэ ажлын хүрээнд хар тамхины гэмт хэргийн мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, хар тамхи илрүүлэх хяналтын тоног төхөөрөмжүүдийг боловсронгуй болгох, ашиглалтыг сайжруулах, хяналт шалгалтын ажилтнуудыг энэ чиглэлээр мэргэшүүлэх ажил хийгдэж байна.
Дээрх байгууллагуудын ажилтнуудын хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр МУ-ын иргэн “Б”, “М “, “Т” нар нь Буянт-Ухаа хилийн боомтоор (ойролцоогоор 20 гр) “мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхи болон тэдгээрийг татаж мансуурахад хэрэглэдэг зориулалтын хэрэгслүүд, мөн МУ-ын иргэн “Л” нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор 20 гр “мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхийг биедээ (хувцсандаа) болон ачаа тээшиндээ нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.
Цаашид хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа эрчимжиж, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан шуурхай ажиллагаа тогтмол зохион байгуулагдах болно.