Сургууль, цэцэрлэгт өгөх компьютерүүдийн хадгалалт, тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/77 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хот, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газар хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн бааз суурийг сайжруулахад зориулан 60 шинэ компьютер бусад дагалдах хэрэгслийн хамт тусламжаар ирүүлсний дагуу нэмүү өртгийн албан татвар, хадгалалт, тээвэрлэлтийн зардал болох 3 327 628 төгрөгийг Тамгын газрын батлагдсан урсгал зардлын Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас гаргахыг Тамгын газарт зөвшөөрөл олголоо. Сургуулиудад техник, тоног төхөөрөмжийг хуваарилж бүрэн хүчин чадлаар нь ашиглуулах, үндсэн хөрөнгөд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.