С.Баасандолгор: Иргэд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авахын сацуу эдийн засаг, цаг хугацаагаа хэмнэх боломжтой болсон
-Сайн байна уу Та?
-Сайн сайн байна уу. Юуны өмнө нийт Хан-Уулын иргэддээ хийсэн ажлаа тайлагнах, хийх гэж буй ажлаа дуулгах сайхан боломж олгосон танай сайтын хамт олонд талархаж байна.
-Баярлалаа. Юуны өмнө ИТХ-ын төлөөлөгчөөр хэзээнээс сонгогдож, сонгогдсон тойрогт ямар ямар ажлууд хийгдсэн талаараа яриагаа эхлүүлье.
-Миний хувьд энэ үүрэгт ажил маань анхын биш ба өмнө нь Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Энэ хугацаанд сонгогдсон тойрогтоо болон намын мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр олон ажлыг хийж гүйцэтгэж байсан.
2012 оны сонгуулиар орон нутгийн сонгуулийн хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн оршин сууж буй дүүрэгтээ нэр дэвших хууль хэрэгжиж эхэлснээр “Хан-Уул” дүүрэгт нэр дэвшин сонгогдоод Иргэдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ээлжит болон ээлжит бус тэргүүлэгчдийн хуралдаануудаар олон асуудлыг шийдвэрлэж байсан. Гэтэл дүүрэг болгонд шийдвэрлэж байгаа асуудал хоорондоо их ялгаатай. Тухайлбал, тухайн дүүргийн иргэдийн бүтэц, онцлогоос шалтгаалан хэлэлцэж буй асуудлууд өөр өөр байдаг. Манай дүүргийн хувьд Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг биелүүлэх, түүнд чиглэсэн бүхий л зүйлийг цаг хугацаанд нь хэлэлцэж шийдвэрлэж байсан.
-Мөрийн хөтөлбөрт тусгагдан хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажлуудаас дурдаач?
-Мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдан хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтаас дурдвал, Нисэх, Яармаг, Шувуун Фабрикийг холбосон авто замын ажлууд байна. Уг асуудлыг УИХ-ын гишүүд сайтар хэлэлцэсний үр дүнд орон нутгийн бүх замууд шинэчлэгдсэн ба иргэд манай дүүргээс зам дагасан хөгжлийг харж болно. Өнөөдөр аль ч дүүргийн иргэнд “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүрэх замын “шинэчлэл” хэрхэн хийгдсэнийг тодорхой харж болохоор байна. Замын гэрэлтүүлэг, шинэ хорооллууд, түгжрэлгүй болсон зэрэг олон асуудлыг шийдлээ.
Мөн ХУД-ын оршин суугчдын хувьд автобусны чиглэлийн асуудал хүндрэлтэй байсан. Өмнө нь Нисэх-МУБИС, Сонсголон гэсэн хоёр чиглэлд автобус явдаг байсан бол одоо чиглэлийн тоо нэмэгдэж байгаа.
-Өнгөрсөн онд ХУД-т хэрэгжүүлсэн томоохон ажил нь юу байсан бэ?
-Миний хувьд 2014 оны хамгийн том ажлуудын нэг нь “Иргэдэд үйлчлэх” шинэ байр ашиглалтад орсон. Энэхүү төрийн үйлчилгээг үзүүлэх байгууллага маань бүх иргэдийн амьдралтай холбоотой гэдгийг иргэд ойлгохгүй байсан асуудал бий. Тухайлбал, олон давхар төрийн үйлчилгээний байр барьсан нь иргэдийн амьдралд ямар холбоотой юм гэж шүүмжилдэг байлаа.
Өмнө нь ЗДТГ хоёр давхарт байранд байрлаж, дэргэдэх хэлтэс, нэгж хэсэг албадууд өөр өөр газарт байрлаж байсан. Өөрөөр хэлбэл, шүүх, эмнэлэг, халамжийн хэлтэс, цагдаагийн байгууллага нь нэг дор байрлаагүйн улмаас иргэд нэг үйлчилгээ авахын тулд нэлээн хэдэн байгууллага орох шаардлагатай байсан. Харин уг барилга ашиглалтад орсоноор иргэд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авахын сацуу эдийн засаг, цаг хугацаагаа хэмнэх боломжтой болсон. Нөгөө талаас ийм боломжийг бий болгосон анхдагч дүүрэг болж байна.
Мөн гэр хорооллын бүх гудамжыг LED гэрэлтүүлгээр хангасан нь иргэдийн ая тухтай амьдрах орчиныг бүрдүүлээд зогсоохгүй гэмт хэргийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чухал ажил боллоо.
-Хан-Уул дүүрэгт АН хоёр ч удаа үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ тухай дурдвал?
-Манай дүүргийн оршин суугчид хоёр удаагийн сонгуульд АН-ыг дэмжиж ялалтанд хүргэсэнд нь бидний зүгээс их талархдаг. АН-ыг сонгосон шалтгаан нь бидний хэлсэн үг, хэрэгжүүлж байгаа ажил, амлалтандаа хүрч байгаа нь иргэдэд таалагдсан учраас иргэд хоёр дахь удаагаа сонгож байгаа юм. Хэрвээ өмнө нь ажиллаж байсан хүмүүс шиг ард иргэдийн дуу хоолойг төрийн ажилд хэрэгжүүлдэггүй байсан бол дахин сонгогдох боломж байхгүй. Бид иргэдээс гарсан санал санаачилгыг дэмжиж ажилласны үр дүнд тэдний дэмжлэгийг авч байгаа гэж боддог.
-Төрийн ажил иргэдийн оролцоо, шүүмжлэл, санаачлагаар урагшилдаг. Хан-Уул дүүргийн иргэдийн хувьд оролцоо хэр түвшинд байна гэж та дүгнэж байна вэ?
Манай дүүргийн иргэдийн хувьд төр засгийн байгууллага, хороотойгоо хамтран ажиллаж сурсан. Өмнө нь зарим иргэд хорооныхоо байрыг байтугай Засаг даргаа мэддэггүй байсан. Гэтэл манай дүүргийн иргэд хороотойгоо маш уялдаа холбоотой ажилладаг нь их давуу тал болдог. Тухайлбал, манайх бусад дүүрэгтэй харьцуулбал гэр хороолол ихтэй бөгөөд тэдэнд 0.07 га газар л байна. Энэхүү газраа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд тодорхой сургалт хэрэгтэй болсон. Тиймээс өрх толгойлсон эмэгтэй болон өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тариалан эрхлэх сургалтад хамруулсан. Сургалтад хамрагдсанаар зөвхөн ногоо тарихаас гадна орчны тохижилтыг гар доорх зүйлсээр хэрхэн хийх зэрэг бүх талын мэдээ мэдээллийг олж авсан. Үр дүнд нь орчиндоо ногоон байгууламжийг иргэд өөрсдөө санаачлан байгуулсан юм.
-ХУД-ийн ИТХ-аас хороо болгоныг Иргэдийн танхимтай болгох ажлыг хэрэгжүүлж байна. Таны бодлоор уг ажлын ач холбогдол нь юу вэ?
-Манай дүүрэг хорооны иргэний танхимыг анх удаа байгуулсан. Иргэний танхим маань зөвхөн сургалт, сурталчилгаа хийхээс гадна иргэдийн дуу хоолойг хүлээж авдаг чухал газар. Одоо иргэний танхимууд маань иргэдтэй хамтран ажилладаг байнгын орон тооны мэргэжилтэнтэй болж байгаа. Үүний үндсэн дээр иргэдийн олон асуудлуудыг шийдсээр байна.
-Дүүрэг орчны тохижилт цэцэрлэгжүүлэлтэд хэрхэн анхаарч байна вэ?
Өмнөх жилүүдэд орон сууцны хороолол руу чиглэсэн орчны тохижилтын ажил ихээр хийгддэг байсан бол өнгөрсөн оноос гэр хороолол руу чиглэсэн орчны тохижилтыг сайжруулах бүхий л төрлийн ажлуудыг хийж эхэлээ. Тодруулбал, 41 дүгээр сургуулийн эргэн тойронд Азийн “C” зэрэглэлийн хөлбөмбөгийн талбайг байгуулсан. Мөн бичил цэрцэрлэгт хүрээлэн байгуулж, хашаа барьж олон тооны мод бут суулгасан.
-2015 онд ИТХ-ын хувьд ямар ажилд илүү анхаарал хандуулан хэлэлцэн шийдвэрлэх вэ?
-Мэдээж 2015 онд өмнө ажлын залгамж холбоо үргэлжлэхээр яригдсан байгаа. Тухайлбал, 2014 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд хүүхдийн хөгжлийн томоохон бичиг баримтууд боловсруулж гарсан. Хүүхдийн хөгжлийн асуудал яригдахад үүнийг дагаад тэр хөгжлийг хангахгуйц орчин нөхцөл, багш сурган хүмүүжлэгч, сургалтын орчин зэрэг цогц асуудал давхар яригддаг юм байна. Энэхүү ажлын хүрээнд багш сурган хүмүүжлэгч нарт зориулсан сургалтууд зохион байгуулсанаар хэд хэдэн сургууль жишиг сургууль болж чадсан. Мөн хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэхээс гадна эрүүл ахуйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд энэ ажлын хүрээнд ХУД-ийн эрүүл мэндийн нэгдэл дээр хүүхдийн шүдний иж бүрэн кабинетыг нээж ажилуулсан. Тийм учраас энэ цогц ажлыг цаашид улам боловсронгуй болгох шийдвэрийг ИТХ-аас гаргасан.
Үүнээс гадна 2015 онд шийдвэрлэх хэдэн хэдэн асуудал яригдаж байна. Үүний нэг нь манай дүүргийн хүн амын өсөлтийг дагаж сургууль, цэцэрлэгийн тоог нэмэх шаардлагатай болж байна. Харин үүнийг улсын болон нийслэлийн хөрөнгөөр барихаар төлөвлөөд ажиллаж байна.
-Нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр шинэ хороо байгуулах асуудал гарч байна. Танай дүүрэг асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Тийм ээ. Энэ асуудал манай дээрч мөн байна. Сүүлд 2014 оны ИТХ-ын хамгийн сүүлийн хурлаар манай дүүргийн хүн амын өсөлт ихтэй хоёр ч хороог хуваах саналыг манай ИТХ-аас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд оруулаад байна. Нэгдүгээрт, Нисэхийн шинэ “Буянт-Ухаа” хороололд иргэдэд үйлчлэх шинэ хороо байгуулж өгөөч гэсэн санал, хоёрдугаарт манай дүүргийн 15-р хороо буюу “Төв цэнгэлдэх” орчмоос “Зайсан” хүртэлх хороог хуваалгах гэсэн хоёр хүсэлтээ гаргасан байгаа.
Ярилцлагын төгсгөлд та иргэддээ хандан үгээ хэлнэ үү?
ХУД-ийн нийт иргэддээ бидний хийсэн ажлыг байнга дэмжиж, бидэнд ажиллах эрч хүч урам зоригийг харамгүй хайрладагт тань талархал илэрхийлье. Цаашид та бидний хөдөлмөрөөр үх хүүхдүүд маань эрүүл аюулгүй орчинд өсөн торьноно гэдэгт итгэж байна. Баярлалаа.
Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.