“Эрүүл элэг хөтөлбөр” олон нийтийн уулзалт анх удаа боллоо
Монголчуудын өмнө тулгамдаад байгаа нэн чухал асуудал нь элэгний хавдар, элэгний өвчлөл юм. Нас баралтын тэргүүлэх шалтгаанд ч элэгний өвчлөл нөлөөлж буй. Иймд “Оном” сангаас Монголын элэгний эмч нарын нийгэмлэгтэй хамтран “Эрүүл элэг хөтөлбөр”-ийг өнгөрсөн онд санаачилжээ.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд хепатит С вирусийн архаг халдвартай 147,700 хүнийг бүрэн эдгээж, хепатит В вирүсийн архаг халдвартай 128,000 хүнийг эмчилгээнд хамруулах боломжтой гэнэ. Үүний тулд Монгол Улсын нийт хүн амыг хепатитын вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, элэгний хавдар, хатуурлыг эрт оношлох зэрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай аж. “Оном” сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар “Эрүүл элэг хөтөлбөр маань 2014 оны есдүгээр сард хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө хоёр жил гаруйн хугацаанд орон даяар элэгний өвчлөлтэй хүмүүсийн судалгааг явуулсан байгаа. Манай багийн эрдэмтдийн нэгдсэн дүнгээр одоогоор 400 гаруй хүн элэгний архаг үрэвсэлтэй гэсэн судалгаа гарсан байна. “Эрүүл элэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын хэмжээнд хамтарч ажиллахаар болсон байгаа” гэв. Мөн тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд “Оном” сангаас “Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, болон тус дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагатай хамтран олон нийтийн уулзалтыг өчигдөр зохион байгуулсан юм.
“Хан-Уул” дүүрэг анхдагч нь болов
“Оном” сангаас Монголын элэгний эмч нарын нийгэмлэгтэй хамтран “Эрүүл элэг хөтөлбөр”-ийг хэрхэн хэрэгжүүлэх тухай олон нийтийн уулзалтыг өчигдөр “Хан-Уул” дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Тус дүүргийн Соёлын ордонд болсон энэхүү уулзалтанд “Хан-Уул” дүүрэг дэх 16 өрхийн эмч нар хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, “Оном” сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар нар оролцсон билээ. Энэ үеэр элэгний архаг өвчлөл гэж юу вэ, элэгээ хэрхэн хамгаалах вэ, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх алхамууд зэрэг мэдээллийг уулзалтанд оролцож буй хүмүүст хүргэсэн. “Хан-Уул” дүүрэгт зохион байгуулж буй “Эрүүл элэг хөтөлбөр”- ийг хэрхэн хэрэгжүүлэх вэ олон нийтийн уулзалт нь Нийслэлийн есөн дүүргээс анхдагч нь болж буйгаараа онцлогтой. Энэ талаар “Хан-Уул” дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг “Энэхүү хөтөлбөрийн уулзалт нь манай дүүрэгт анх удаа болж байна. Бид “Эрүүл элэг хөтөлбөр”-ийн хүрээнд цаашид олон ажлыг хийх болно. Өнөөдрийн энэ уулзалт ихээхэн ач холбогдолтой, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Иймд өнөөдрийн уулзалт эхэлснийг мэдэгдэе ” гэв.
“Хан-Уул дүүргийн хэмжээнд элэгний B, C вирусээр өвчилсөн бүртгэлтэй хүмүүсийн тоо Монгол Улсын хүн амын 1/6 хувийг эзэлдэг байна. Тиймээс эрүүл мэнд тулгамдсан асуудал болсон уг өвчнийг арилгах зорилготой тус хөтөлбөрөөр вирүст хепатитын эсрэг дэлхий дахинд хэрэглэж буй сүүлийн үеийн шинэ эм, эмчилгээг Монголчууддаа санхүүгийн хүндрэл багатайгаар ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийн сацуу С вирусыг эмчилдэг гурван төрлийн эмийг гадаадаас оруулж ирэх боломжийг судалж байгаа аж. АНУ-д элэгний хепатит С вирусын эмчилгээнд 80 мянган доллар зарцуулдаг бол манай улс уг эмчилгээнд 900 ам.доллар зарцуулж эмчлэх бүрэн боломжтой гэнэ.