Хотын дарга цахим өмчлөлд хариуцлагатай хандаж идэвхтэй оролцохыг уриаллаа
Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан. Харин цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж өнөөдөр нээлтийн хонх цохисоноор албан ёсоор эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга М.Батсайхан, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий болон бусад албаныхан оролцлоо.
Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь 8 байршилд газар өмчлүүлнэ.
Шинэ 5 байршил
Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой 3407 нэгж талбар
Баянзүрх, Их цуурайн ам 178 нэгж талбар
Баянзүрх, Бага цуурайн ам 154 нэгж талбар
Багануур, Тариан булаг 2-р хэсэг 6170 нэгж талбар
Хуучин 3 байршил
Сонгинохайрхан, Соёондын ам 249 нэгж талбар
Багануур, Тариан булаг 1-р хэсэг 990 нэгж талбар
Багахангай, Бор-Үзүүр 192 нэгж талбар
Нийт: 13819 нэгж талбар
Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны 01 сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ны өдрийг дуустал цахим системээр иргэдийг бүртгэнэ. Ингэхдээ Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоол, журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас /2013.05.30/ хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлээрэй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн иргэддээ хандаж “Нийслэл хамгийн шударгаар цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлжийг эхлүүлж байна. Манай иргэд энэ үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцож заасан хугацаанд бүртгүүлэхийг уриалж байна. Иргэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын үнэ цэнийг ойлгохгүй байна. Уг нь та бүхэнд өмчлүүлэх гэж байгаа эдгээр газрын ерөнхий төлөвлөгөө бүрэн хийгдсэн. Энэ сарын НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэхэд цахилгаан татах асуудлыг шийдвэрлэхээр өргөн барьсан байгаа. Тиймээс энэ асуудалд хариуцлагатай хандаж, газар өмчлөх үйл явцад идэвхтэй хамрагдаарай” хэмээн онцлон хэллээ. Мөн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн газарт зөвшөөрөлгүй бууж, гэр, хашаа хатгах тохиолдол нэмэгдсэн байна. Ийм хууль бус асуудал байж болохгүй, зөвшөөрөлгүй буусан иргэдийг албадан нүүлгэнэ гэдгийг нийслэлийн Засаг дарга мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.