Танд зөвлөхөд: Хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэл эрхлэчдэд зориулсан зөвлөмж
Монголчуудын уламжлалт сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хэвийн боов, бууз, баншны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд:
1. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үндсэн болон туслах түүхий эд материалыг хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэлд хэрэглэх, хэвийн боовыг хуршсан тосонд чанахгүй байх;
2. Үйлдвэрлэлийн бүх үе шатанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалтыг үндэслэн эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлэх;
3. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэлт бодис болон найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа тухайн нэмэлт бодисууд нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартад тусгагдсан эсэх, зориулалт нь хүнсний ангилалаар зөвшөөрөгдсөн эсэх, зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь стандартаас хэтрээгүй эсэхийг шалгах, жор орцын нормд тусгах, зарцуулалтын байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;
4. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын норм, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх журмын мөрдөлтөнд хяналт тавьж бүртгэл хөтлөх;
5. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бэлэн бүтээгдэхүүний шошгонд дараах мэдээллийг бичнэ.
-тухайн бүтээгдэхүүний оноосон нэр,
-үйлдвэрлэгчийн нэр, хаяг,
-бүтээгдэхүүний хэмжээ, тоо ширхэг,
-үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа
-хадгалах нөхцөл,
-найрлага, тэжээллэг чанар,
-хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулах аргачлал,
-хүнсний нэмэлт бодис агуулсан бол олон улсад хэрэглэдэг Е кодыг бичих,
6. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2013 оны А/98 дугаар тушаалаар батлагдсан “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 79 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх аргачлал”-ын дагуу бүртгэл хөтлөх;
7. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авахдаа Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ыг мөрдлөг болгох, буцаан авсан, устгасан бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх;
8. Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд заасан хугацаанд хамруулах, магадлагаа гаргуулж хяналт тавих;
9. Суулгалт өвчин, арьсны идээт үрэвсэл, ил ба далд шархтай ажилтанг ажлаас чөлөөлж, эрүүлжүүлэх, эргэж ажилдаа ороход нь эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах;
10. Ажиллагсдад эрүүл ахуйн дадал хэвшилийн талаарх мэдлэгийг олгож, үйлдвэрлэлд чанд мөрдүүлэх;
11. Бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгонд бичихийг хориглох;
ХУД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС