Нийслэлийн орлогч дарга нар цалингүй ажиллая гээд нэг л биш ээ?
Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн тодотголыг УИХ хэрхэн танахаа хэлэлцэж л байна. Төрийн захиргааны албан хаагчдаас цомхотгох нь тодорхой болж УУЯ, ГХЯ эхнээсээ ажилтнуудаа цомхотгосон. Агентлагууд ч адилхан бужигнах бололтой. Энэ дунд харин Хотын дарга зургаан орлогчтой ажиллана хэмээн гэдийж байна. Хуулиараа Нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогчийг цомхотгох учиртай. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Хуульд нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой байна гэсэн. Нийслэлийн дөрвөн орлогч ажилдаа үлдэж, цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн явдал болно” гэж тайлбарласан. Нийслэлийн Засаг дарга, аймгуудын Засаг даргын орлогч, агентлагуудын дэд дарга, зөвлөх зэрэг 180 гаруй орон тоог цомхотгож төсөв хэмнэх УИХ-ын шийдвэр гарсан. Гэвч Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Н.Гантөмөр, Ц.Буяндалай, Ц.Энхцэнгэл, Т.Бат-Эрдэнэ, С.Очирбат нар суудалдаа үлдэхээр тулаанд оров. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун хоёр зургаан орлогчоо авч үлдэн, төсөл хөтөлбөрийн мөнгөнөөс цалинжуулах хүсэлтэй. Үүнийгээ орлогч дарга нар цалингүй ажиллана. Нийслэлийн бүтээн байгуулалтын төсөл, менежментээс цалинжина гээд байгаа юм. Төсвөөс авдаг цалингаас төслөөс олох орлого нь өндөр байж магадгүй. Тэгээд л Нийслэлийн Засаг даргын зургаан орлогчид “Орлогч дарга” гэх албан тушаал нь хэрэг болжээ.
Улаанбаатарчууд хоёр Засгийн газартай болсон уу?
Ийм л дүр төрх сүүлийн үед ажиглагдах болов. Ингэж хэлэх шалтгаан бий. НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “ Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй, өөрөө эдийн засгаа аваад явчихдаг чадалтай байхад Засгийн газар, УИХ Улаанбаатар хоттой зууралдах ямар ч шаардлагагүй. Өөрсдийн ажлаа хийх хэрэгтэй. Нийслэл хэдэн орлогчтой байх нь үнэндээ эрхзүйн хувьд тэдэнд ямар ч хамааралгүй” гэжээ. Эндээс Улаанбаатар хотын Захиргаа, Монгол Улсын Засгийн газар гэсэн хоёр “төр” Улаанбаатарчуудад үйлчилдэг болсон бололтой. Улаанбаатар хотын удирдлагуудын шийдвэр, ямар бүтцээр ажиллах нь Засгийн газарт ямар ч хамааралгүй. Хэдэн хүнтэй яаж ажиллаж, ямар бүтээн байгуулалт хийхээ “Улаанбаатар” гэдэг “улс” шийдвэрлэнэ,Засгийн газраар заалгахгүй гэсэн ойлголт л төрөөд байна. Нийслэлийн удирдлагууд зургаан орлогчтойгоо үлдэхээр Засгийн газарт тогтоол өргөн барих юм байна. Нийслэлийн орлогч дарга нар албан тушаалтайгаа л үлдэж байвал цалингүй ажиллая гээд нэг л биш ээ. Орон нутагт төсвийн эрх мэдлийг өгнө гээд байдаг. Нийслэлийн удирдлагуудын жишгээр аймгуудын удирдлагууд Засгийн газар, УИХ-ынхаа өмнөөс гөжүүдэлдэг тогтолцоотой болчих вий.