Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлаар санал асуулга явуулна
Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган 2014 оны 11-р сараас эхлүүлсэн.
2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийслэл болон Багануур, Налайх дүүрэг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагууд оролцсон уулзалт зохион байгуулагдаж Налайх, Багануурт хот байгуулах, хотын Үндсэн дүрмийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын явц, цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ.
Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Өнөржаргал, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ганболд нар хот байгуулах, хотын Үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооноос хийсэн ажлын талаар танилцууллаа.
Налайх дүүргийн 7, Багануур дүүргийн 5 хороо, дүүргийн боловсрол, эрүүл мэнд болон томоохон аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд, нийт 18 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт 1500 гаруй иргэн оролцжээ. Налайх, Багануур хотын Үндсэн дүрмийн төслийг тус дүүргүүдийн болон нийслэлийн цахим хуудсанд байрлуулж, хотын Үндсэн дүрмийн төсөл, танилцуулгыг өрхийн тоогоор хэвлэн тарааж танилцуулсан ба хэлэлцүүлгийн хугацаанд хот байгуулах асуудлаар болон хотын Үндсэн дүрмийн төсөлд 150 орчим иргэн саналаа өгсөн байна. Хэлэлцүүлгээр гарсан саналыг тусгаж, дүүргийн хороо бүрийн иргэний төлөөлөл орсон Үндсэн дүрмийн редакцийн зөвлөл ажиллан Багануур болон Налайх хотын Үндсэн дүрмийн эцсийн найруулга боловсруулаад байгаа юм байна.
Мөн энэ уулзалтын үеэр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж Налайх, Багануур хотыг байгуулах үндэслэл, шаардлага, хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийн талаар саналаа танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө.
Багануур нь 1978 онд нүүрсний уурхай байгуулагдсанаар бүтээн байгуулалтын эх ажлын суурь тавигдсан бөгөөд одоогийн байдлаар 27936 хүн амтай, 62020 га газар нутагтай нийслэлийн нэг дүүрэг юм. Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Багануур хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь нүүрсний уурхай, эрчим хүч, нүүр боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв байхаар тусгасан. 2030 он гэхэд Багануур хотын хүн ам 60000 орчим болж, хүний амын 80 хувь нь орон сууцанд амьдрахаар төлөвлөсөн бөгөөд дүүргийн газар нутгаас хөдөө аж ахуй, ойн болон усан сан бүхий болон улсын тусгай хэрэгцээний газраас бусад газрыг хамруулсан 24710 га газрыг шинээр байгуулагдах хотын эдэлбэр газарт хамруулж болох талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын танилцуулгад дурдсан байна.
Налайхын хувьд 1962 онд их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарлиг гарч хот байгуулах их үйлс эхэлсэн бөгөөд 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Налайх дүүрэг болсон. Тус дүүрэг нь 33200 хүн амтай, 68760 мянган га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Налайх хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь өрхий аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк байна. 2030 он гэхэд Налайх хотын хүн ам 65000 орчим болно гэж төлөвлөсөн бөгөөд дүүргийн газар нутгаас хөдөө аж ахуй, ойн болон усан сан бүхий болон улсын тусгай хэрэгцээний газраас бусад газрыг хамруулсан 20533 га газрыг шинээр байгуулагдах хотын эдэлбэр газарт хамруулж болох талаар танилцуулгад дурджээ.
Багануур, Налайх дүүргийн удирдлагын дүгнэж байгаагаар тус дүүргийн иргэд хот байгуулахыг дэмжиж байгаа бөгөөд энэ оны 1 сард багтаан уг асуудлаар дүүргийн нийт иргэдийн санал асуулгыг явуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Дүүрэгт хотыг шинээр үүсгэн байгуулж, хотын үндсэн дүрмийг батлах тухай асуудлаар иргэдийн санал асуулгыг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулж, дүүргийн удирдлагуудад санал болгосон бөгөөд журмын төслийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж баталж, 2015 оны 1 дүгээр сард багтаан санал асуулгыг явуулахаар боллоо.