Улаанбаатар хотын Ерөнхий менежер Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй уулзлаа. Энэхүү уулзалтад БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга, хэлтэс албадын дарга нар оролцов.
Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн онд хийсэн ажил болон энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Мөн дүүргийн удирдлага, хурлын төлөөлөгчид Захирагчийн ажлын албанаас дүүрэгтэйгээ харилцан уялдаа холбоотой ажиллахад анхаарч, санал солилцохоор бидэнтэй уулзаж байгаад талархал илэрхийлж, БЗД-ийн Цагаандавааны хогийн цэг суурьшлын бүсийг өөр газар байршуулах, түргэн үйлчилгээний цэгийн байршлыг харгалзан бодлого шийдвэр гаргах, хорооны бүтцийг сайжруулах, бусад дүүрэгтэйгээ өрсөлдөх боломжийг олгох, тусгай зөвшөөрлийн журмыг шинэчилж, иргэдийн оролцоотой газрын зураглалыг оруулж буй manaikhoroo.mn сайтын шинэчлэлийг байнга хийх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэх зэрэг саналуудыг хэлсэн. Мөн угсармал барилгын шинэчлэлийг хэрхэн хийх, чанарын шаардлага хангахгүй материалаар ажил хийж байгаа компаниудад тооцох хариуцлагыг чангатгах хэрэгтэй байгаа асуудлыг хэлэлцлээ.
Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Цагаандавааны хогийн цэг иргэдийн амьдрах орчинд нөлөөлж байгаад анхаарал хандуулж, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үүрэг өгсөн байгаа. Нийслэлээс цаашид энэ талд анхаарч ажиллах болно. Угсармал барилгын дулаан техникийн шинэчлэлийн ажлыг иргэдийнхээ амьдарч буй орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэх, дулаан тохилог орчинд амьдруулах зорилгоор эхлүүлсэн. Энэ ажлыг хийхэд оршин суугчид оролцож нийслэлтэй хамтран ажиллах шаардлагатай байна. Иргэдийн оролцоотой газрын зураглалыг баяжуулах ажлыг дүүрэг, хороо хариуцан ажиллана. Бидний зүгээс мэдээлэл технологийн талаас туслахад бэлэн байна” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.