Цэцэрлэгийн дулааныг тасалжээ
Төрийн данхайсан бүтэц, хэт их ачааллыг бууруулах нэг арга бол хувийн хэвшлийнхэнд итгэл хүлээлгэх гэдгийг Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн бүхий л шатанд ярьж байгаа. Элдэв хяналт шалгалтыг бууруулах талаар Ерөнхий сайд өнгөрсөн оны сүүлийн өдрүүдэд төрийн албаныханд үүрэг даалгавар өгсөн. Гэвч Ерөнхий сайдын шийдвэр цаасан дээр буугаагүй шахам байхад хувийн хэвшлийнхний үүд хаалгыг эхнээс нь хаасан тохиолдол оны сүүлийн өдрүүдэд гарсан талаар уншигч танд хүргэе.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Crystal 21” цэцэрлэгийн халаалтыг арванхоёрдугаар сарын 25-нд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас тасалсан байна. “Мэргэжлийн хяналтын зааврын дагуу” гэдэг шалтгаан хэлж, урьдчилан анхааруулалгүй, хүүхдүүдээ авчихсан, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад дулааныг нь тасалжээ. Цэцэрлэгийн багшийн хэлснээр өдрийн унтлагын цагаар “Улаанбаатар дулааны сүлжээ”-гээс хоёр мэргэжилтэн ирээд “Мэргэжлийн хяналтын газраас тасал гэсэн” хэмээн жишим ч үгүй дулаанаа салгачихаад яваад өгсөн байна.
2014 оны аравдугаар сард дэлхийн жишигт дүйсэн цэцэрлэг хаалгаа нээлээ гэсэн мэдээлэл гарч, “Crystal 21” цэцэрлэгийн талаар хэн хүнгүй сонирхож хэвлэлийнхэн очиж сурвалжлага хийсэн. Цэвэрхэн, тохилог орчинтой, цэвэр шаазан суултуур, эрдэнэшишийн модоор хийсэн тавилга, урлагийн заал гээд л орчин үеийн хүүхдийн шаардлагыг хангасан энэ цэцэрлэгт одоогоор 100 гаруй хүүхэд сурч хүмүүжиж буй аж.
Цэцэрлэгийнхээ дулааныг “Orange town” хотхоноос татдаг байна. Хотхоны оршин суугчдаас санал авахад нэг хүнээс бусад нь зөвшөөрчээ. Гэтэл ганц иргэн эсэргүүцсэнээс болж СӨХ-ны дарга зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн гэнэ. Эсэргүүцэгч Алтан-Очир гэх иргэн цэцэрлэгт дулаан өгөхийг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй МХЕГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” гэх мэт байгууллагуудаар явж заргалдсаны эцэст санасандаа хүрч тус цэцэрлэгийн дулааныг таслуулсан аж. Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-наас “Orange town” хотхоноос дулаан татахдаа зөвшөөрөл аваагүй тул иргэдээс санал авч байж дулааныг нь цаашид өгөх үгүйг нь шийдвэрлэнэ гэдэг мэдэгдэл иржээ.
“Crystal 21” цэцэрлэг шалны цахилгаан халаагуураар нэмэлт дулаан авдаг тул унтаж байсан хүүхдүүд энэ өдөртөө дааралгүй гэртээ харьсан байна. Хамгийн харамсалтай нь хувийн хэвшлийнхэн маш их хөрөнгө мөнгө зарцуулан байж босгосон үл хөдлөх хөрөнгө гэхээсээ илүүтэйгээр олон хүүхдийг цэцэрлэгт хамруулж, эцэг эхийг нь ажиллах боломжоор хангаж байгаа нийгмийн халамжийн томоохон асуудлыг шийдвэрлэгч байгууллагыг нэг хүний гомдлоор хааж, хяхаж цаашид ажиллах боломжгүй болгосонд байгаа юм.
Яг үнэндээ хувийн хэвшлийнхэн томоохон бүтээн байгуулалт хийж барилга байгууламж барьж байгаа ч дулаан цахилгааны асуудал шийдэх гэдэг хүндхэн даваатай хаа хаанаа учирч байгаа. Цаашид өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа нийслэлийн хүн амын дулааны хангамжийг сайжруулахын тулд тавдугаар цахилгаан станц барих төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч одоогоор цааснаас хэтрээгүй байна. Тиймээс хувийн хэвшлийнхэн ёстой ил далд гарах нь холгүй гүйж байж өнөөдрийн байдлаар цахилгаан дулаанаа шийдүүлж байгаа билээ. Тиймээс өнөөдрөөс эхлээд “Crystal 21” цэцэрлэгийн 100 хүүхэд гэртээ өнжих нь.
Чухам ямар шалтгаанаар Алтан-Очир гэх иргэн хүүхдийн цэцэрлэгийн халаалтыг таслуулах гэж улайрч явааг зохих байгууллага нь анхааралдаа авч асуудлыг шийдвэрлэх биз.