Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2014 оны анхны шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн нийт дүүргүүд дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах, согтуугаар авто замын хөдөлгөөнд оролцох гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй байна. Харин онц, ноцтой томоохон хэмжээний осол гэмтэл буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дүүргүүд шинэ жилийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Мөн хог цэвэрлэгээний ажлыг графикийн дагуу зохион байгуулж, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж нийт 14,4тн бодис цацаж ажилласан байна.
Багахангай дүүргийн Цагдаагийн тасагт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 4, захиргааны зөрчлийн шинжтэй 9 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй 1 нэгжээр буурсан, захиргааны шинжтэй гомдол мэдээлэл 3 нэгжээр өссөн байна. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 4 хүнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 9 хүнийг 81,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ.
Харин Багануур дүүрэг гэмт хэрэг захиргааны зөрчлийн шинжтэй нийт 168 дуудлага хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 43 байсныг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 11 нэгж буюу 34,3 хувиар өссөн.
Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 2805 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 541 дуудлага бүртгэгдсэн байна. Дүүргийн Засаг дарга Д.Оросоо тус дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчин гар дээрээс архи согтууруулах ундаа борлуулж байсныг таслан зогсоож холбогдох арга хэмжээ авсан.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 3161 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 20 хүний амь нас хохирсон бөгөөд шалтгаан, нөхцөлийг авч үзвэл: ил харагдах шарх сорвигүй 13, өвчний улмаас 1, түлэгдэж 1, санаатай алах 1, өөрийгөө боомилж 4 хүн нас барчээ.
Харин Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах гэмт хэрэг өссөн буюу нийт бүртгэгдсэн мэдээ мэдээлэл 1101, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 360 буюу 13,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хан-Уул дүүрэгт нийт гомдол, мэдээллийн 1134 дуудлага ирснээс 149 нь гэмт хэргийн шинжтэй, 985 нь захиргааны зөрчлийн шинжтэй байна. Захиргааны шинжтэй 985 зөрчлийг шалгаж нийт 3.591.000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин гал түймрийн нийт 18 дуудлага ирсэн. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 63 хувь өссөн ньгаллагааны зуухны яндангийн аюулгүй байдлыг хангаагүй, ил задгай гал түлж хамгаалалтгүй орхисноос ихэвчлэн гарсан байна.
Баянзүрх дүүрэгт нийт 3907 дуудлага ирсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулбал 2,5 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 697 дуудлага ирж 5,2 хувиар өссөн,1671 захиргааны дуудлаг ирж 3,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 90-100 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн ажлуудаа танилцууллаа