Амралтын өдрүүдэд 216 согтуу жолооч хөдөлгөөнд оролцжээ
Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд Улаанбаатар хотын Цагдаагийн газарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс нэлээд бүртгэгджээ. Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр 114 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр журамлагдсан байна. Мөн энэ сарын 28-ны өдөр зам тээврийн ослын нийт 282 дуудлага хүлээн авч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 102 жолоочийг илрүүлэн автомашиныг журамлажээ. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн гурван жолоочийн буруугаас нийт зургаан хүн зам тээврийн осолд өртөж, гэмтсэн байна. Харин 12 дугаар сарын 27-ны өдөр 20.00 цагийн үед Яармагийн гуравдугаар буудлын замд /нэр хаяг тодорхойгүй/ явган зорчигч 50 орчим насны эрэгтэйг Форд маркийн автомашины жолооч М нь мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Уг хэргийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтын шатанд шилжүүлсэн байна.