“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно
Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингис хааны талбайд зохион байгуулдаг уламжлалтай.
Тэгвэл энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, Гурван охин хамтлаг оролцох аж. Мөн хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат, поп дива дуучин С.Наран, МУТС дуучин Д.Болд зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.
Харин он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийх аж. Цэнгүүний үеэр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд худалдаа үйлчилгээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана.