Автобус компаниудыг нэгтгэлээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Автобуснэг”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус байгууллагуудыг нэгтгэж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ыг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/1053 дугаар захирамж гаргаж, тус газрын бүтэц, орон тоог баталлаа. Уг газар нь 1658 хүний орон тоотой ажиллана.