Т.Чингүнжав:2014 онд нийт төлөвлөсөн ажлын биелэлт 95 хувьтай явж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Т.Чингүнжавтай энэ онд хийгдсэн томоохон зорилтот ажлын талаарх цуврал ярилцлагыг хүргэж байна.
2014 онд Хан-Уул дүүрэг нийгэм, эдийн засгийн хүрээнд ямар зорилт тавьж ажилласан бэ?
Хан-Уул дүүргийн хувьд 2014 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр дараах таван зорилтыг дэвшүүлэн ажиллалаа. Үүнд Эрүүл чийрэг Монгол хүн-Эрүүл дүүрэг, Амины сууцтай - Хөгжлийн дүүрэг, Ажилтай орлоготой Монгол хүн- Баян дүүрэг, Аюулгүй орчинтой Монгол хүн-Тайван дүүрэг, Эрх чөлөөтэй Монгол хүн- Иргэншсэн дүүрэг гэсэн үндсэн зорилтууд юм. Эдгээр зорилтын хүрээнд 120 ажил төлөвлөснөөс одоогоор ажлын биелэлт 95 хувьтай байна. Харин нийт төлөвлөсөн ажлын 108 ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн ба үлдсэн ажлууд нь он дамжин хийгдэхээр болоод байна.
Танай дүүргийн нэн тэргүүнд тавигдсан Эрүүл чийрэг Монгол хүн- Эрүүл дүүрэг хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдээд байна бэ?
Эрүүл чийрэг Монгол хүн- Эрүүл дүүрэг зорилтын хүрээнд бид агаарын бохирдол бууруулах, хөрсний болон орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн гурван чиглэлээр ажлыг зохион байгуулсан. Дээрх чиглэлээр хийгдсэн ажил гэвэл дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын удирдамжийн дагуу 2014 оны 04-р сарын 19-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 6 удаа зохион байгуулсан. Энэ ажилд нийт 23664 иргэн хамрагдсан.
Мөн бичил цэцэрлэг буюу Соёлын ордон, 120 мянгат болон То-Вангийн гудам, Шаравын гудам, Зайсангийн орчмын замын ногоон байгууламжийн ажлууд хийгдсэн. Энэ ажилд нийт 11880 ш цэцэг тарьж, 5600 м2 сул шороон хөрс бүхий талбайг зүлэгжүүлж, 3600 метрийн урттай ургамалын хашлагыг хэлбэржүүлсэн. Энэ ажлыг хийснээр дүүргийн өнгө сайжраад зогсохгүй агаарын тоосжилт тодорхой хэмжээгээр багассан.
Хөрсний болон орчны бохирдлыг бууруулах тал дээр хийгдсэн ажил юу байгаа вэ? Сүүлийн үед энэ асуудал их хурцаар сөхөгдөж байна.
Бид хогны асуудлыг шийдвэрлэхийн тулд нийтийн эзэмшлийн зам, талбай болон орон сууцны хороолол доторх зам бүрийг хариуцах үйлчлэгчтэй болгож, зориулалтын техник хэрэгслээр хангасан. Ингэснээр гудамж, талбай хариуцсан эзэнтэй болж цэвэрхэн амьдрах нөхцөл нэмэгдсэн. Үүнээс гадна хог тээвэрлэлтийн үйл ажиллагаа байнга сайжирч байгаа бөгөөд энэ жил манай дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ажлын үзүүлэлтээрээ Нийслэлийн 9 дүүргээс 1-р байранд орсон амжилттай байна.
Үүнээс гадна дүүргийн нутаг дэвсгэрт элс хайрга, дайрга олборлож байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавин, нөхөн сэргээлтийг хийлгүүлж байна. Хүнд даацын машинууд орчиндоо асар их хэмжээний тоосжилт үүсгэж, олон салаа зам гаргаж, уулан дээгүүр, айлуудын хашааны дунд суурьшлын бүсээр дур мэдэн явдаг байсныг зогсоосон. Харин 12,13,14-р хороодын удирдлагууд болон иргэд төрийн байгууллагуудтай хамтран шаардлага тавьсны үр дүнд ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр технологийн зам тавьж, түүгээр тээвэрлэлтээ хийдэг болсон. Энэ нь иргэдийн амгалан тайван, эрүүл орчинд амьдрах орчныг бүрдүүлсэн бас нэг сайшаалтай ажил болсон.
Он дамжин хийгдэж байгаа ямар ямар ажил байгаа вэ? Одоогоор эдгээр ажлууд хэдэн хувийн биелэлттэй явж байна.
Одоогийн байдлаар нийт 12 ажил он дамжин хийгдэнэ. Үүнд 8 дугаар хорооны Дэнжийн 12 дугаар гудамжинд цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах, 16 дугаар хорооны 7 дугаар сургуулийн гадна хөлбөмбөг, чийрэгжүүлэлтийн талбай байгуулах ажлууд он дамжин хийгдэхээр гэрээ хийгдэж, ажлууд нь эхэлсэн. Үүнээс гадна 1 дүгээр хорооны “Шинэ Хан-Уул” төслийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын зураг, төсөл хийгдээд ирэх онд хийгдэхээр болоод байна.
“Гэр хорооллыг амины орон сууц болгон хөгжүүлэх” зорилтын хүрээнд хийгдсэн томоохон ажлуудаасаа дурьдвал?
Энэ жил “Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ, Дүүргийн ЗДТГ-ын ЭЗТХ хамтран гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах төслийн ажлын хүрээнд иргэдэд танилцуулга уулзалтуудыг зохион байгуулсан. Мөн дэмжигч иргэдийн 29 бүлгийг байгуулан, бүлгийн ахлагч нараар нь дамжуулан Нийслэл, дүүргийн газар шинэчлэн зохион байгуулах тухай мэдээ, мэдээллийг солилцож байна. Эдгээр бүлгүүдээс О.Нармандах ахлагчтай “Нарлаг Буянт-Ухаа” газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн түр зөвлөл идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Цаашид түр зөвлөлүүдийн үйл ажиллагааг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэн идэвхжүүлж ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа.
Манай дүүргийн Био-Комбинат, Туул-Шувуун фабрик орчмыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд магадлал хийлгэж, Нисэх, яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог ашиглан шийдвэрлэхээр туршлага судлан ажиллаж байна. 2014 оны жилийн эцсийн байдлаар 13-н хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, нэр шилжүүлэх, талбайн хэмжээ болон зориулалт өөрчлөх хүсэлтэй нийт 166 иргэн, аж ахуйн нэгж, газар дээрээ амьдарч буй газрын зөрчил маргаангүй 234 иргэний амины хашааны газрыг баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байгаа. Үүнээс гадна бид гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамгийн бага нүүлгэн шилжүүлэлт, ашиглалтын зардал хамгийн бага, сэргээгдэх эрчим хүч, бие даасан инженерийн дэд бүтэц бүхий ногоон хороолол болгон төлөвлөхөөр зорин ажиллаж байна.
Ашиглалтын шаардлага хангахгүй “Нэхмэлийн шар” барилгыг нурааж дахин төлөвлөхөөр болсон. Энэ ажил ямар явцтай байна вэ?
“Нэхмэлийн шар” буюу манай дүүргийн 2,3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй нийт 22 байр байдаг. Эдгээр байранд 295 өрх амьдардаг. Эдгээр байруудыг дахин шинэчлэн барилгажуулах ажлыг НЕТГ-ын дахин төлөвлөлтийн хэлтэстэй хамтран хийж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 сарын 09-ны өдрийн 90 дугаар тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам” батлагдсан. Журмын дагуу нийт 20 барилгыг шинэчлэн барилгажуулахаар 5 багц болгон сонгон шалгаруулалтыг зарлаж, 3 багц барилга дээр төсөл хэрэгжүүлэгчийн 2 талт гэрээ байгуулах эрхийг олгоод явж байна.
Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.