Гэр орноосоо дайжсан, хараа хяналтгүй 70 хүүхдийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй яваа болон гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төвийн 6 дүүргийн гудамж, зах, орц, хонгил, хоолны газар, кино театр, РС тоглоомын газар болон эрсдэл өндөр газруудад хараа хяналтгүй явдаг, гар дээрээс жижиглэн худалдаа эрхэлж, зах, олон нийтийн газар гуйлга гуйдаг 18 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулсан байна. Энэхүү арга хэмжээгээр 6 дүүргээс эрэгтэй 67, эмэгтэй 3 нийт 70 хараа хяналтгүй хүүхдийг илрүүлжээ. Эдгээрээс 32 хүүхдийг асран хамгаалагч, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн бол 3 хүүхдийг “Өнөр бүл”-д, 3 хүүхдийг ДЗОУБ-ын Родем төвд, 14 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт, 11 хүүхдийг Өнөр бүл-2 хамгааллын төвд шилжүүлжээ. Үүнээс 9 хүүхэд оргон зугатсан аж.
Эдгээр 70 хүүхдийн хараа хяналтгүй явдаг шалтгааныг мэргэжлийн байгууллагынхан судалж үзэхэд, хүчирхийлэлд өртсөний улмаас-19, хойд эцэг эхийн дарамтаас-5, бие махбодийн хүчирхийллээс-6, бусдад уруу татагдсан-6, хоол хүнсний хомсдолоос-7, ядуурал-10, өөрийн сонирхлоор-7, орон гэргүйгээс-7, 1 хүүхэд асрамжийн төвийн дарамтаас болж гэр орноосоо дайжсан байна.
Хүүхдүүд хараа хяналтгүй явж байгаа нь ажилгүйдэл, архидалт, ядуурал, хүчирхийлэл, эцэг эхийн хайр халамж, анхаарал болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид үүрэг хариуцлагаа биелүүлж, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж, хүүхдийг хараа хяналтгүй болохоос урьдчилан сэргийлэх ажлыг салбар бүрийн оролцоотой, урт хугацаанд тогтвортой төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уг арга хэмжээг зохион байгуулагчид онцолж байв.