Нийслэлийн Засаг дарга АНУ-ын Санфранциско хотод албан ёсны айлчлал хийлээ
АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сан Франциско хотын захирагчийн ажлын албанд зочилж, тус хотын Олон улсын бизнесийн хөгжлийн газар, Бизнесийн хөгжлийн газар болон Эдийн засгийн хөгжлийн агентлагийн удирдлагатай уулзав.
Уулзалтын үеэр Олон улсын бизнесийн хөгжлийн газрын захирал У.Фаннон Сан Франциско хот нь биотехнологи, мэдээллийн технологийн салбарт шинэ санаа санаачлагыг эдийн засаг, татварын бодлогоор дэмжиж, технологийн паркийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр АНУ-даа инновацийн тэргүүлсэн хотын нэг болсон талаар товч танилцуулж, хоёр тал Сан Франциско болон Улаанбаатар хотуудын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Цаашид хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, манай тал Сан Франциско хотын эдийн засгийн хөгжлийн инновацийг дэмжих бодлого, технологийн үйлдвэрлэлийн парк байгуулсан туршлагаас суралцахаар тохиролцлоо.
Уулзалтынхаа дараа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Станфордын их сургуулийн Нийтийн төлөөллийн ардчиллын төвийн захирал, профессор Жэймс Фишкин, дэд захирал Алис Сью нартай уулзаж, Монгол Улс дахь ардчиллын явцын талаар танилцуулж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Deliberative Democracy буюу Нийтийн төлөөллийн ардчиллыг манай улсад төлөвшүүлэх талаар санал солилцож, энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.
Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт зочилж, Сан Францискогийн Бей Аэриагийн монгол иргэд, иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн засаг дарга улс орны өнөөгийн байдал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, авилгатай тэмцэх талаар хийж байгаа ажлынхаа талаар товч танилцуулж, цаашид Улаанбаатар хотыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэхэд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов. Уулзалтад Бей Аэриагийн Монголчуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Монгол оюутны холбоо, Шагайн харвааны холбоо, Оакландын “Гэр” хүүхдийн төвийн дэргэдэх “Би Монгол” сургууль, Сан Франциско хотын “Мэдлэг” монгол сургуулийн төлөөлөл оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчдийн Сан Франциско хот дахь айлчлал өндөрлөж, Жоржиа мужийн Оберн хотыг зорилоо.