2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр” –ийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
Тус хөтөлбөр нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн, Улаанбаатар хотын үерийн аюулын эрсдлийг бууруулж, хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр үерт өртөх шууд эрсдлийн бүсэд байрлах 3000 айл өрх, цаашилбал нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд одоо байгаа шугам сүлжээний насжилтыг 78.3 хувиас 40 хувь хүртэл бууруулж шинэчлэлт хийнэ. Мөн газрын гадаргын болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, үргэлжилсэн бороонд ус тогтохгүй байх нөхцөл боломжийг бий болгох юм. Ингэснээр үерийн далан сувгийн ашиглалт сайжирч, далан сувгийн цэвэрлэгээний зардал буурах тооцоог гаргажээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд уг хөтөлбөрийг батлах нь зүйтэй гэж үзлээ.