О.Магнай: Циркийн хувьчлалыг буцаана
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас банкны зээлийн шимтгэл болон циркийн хувьчлалын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ШӨХТГ-аас банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна, иргэдийг хохироож байна гэх үндэслэлээр арилжааны банкуудыг шүүхэд өгсөн бөгөөд анхан шатны шүүх хурал өнөөг хүртэл болоогүй байгаа.
Мөн өнгөрсөн жил тус агентлаг нь "Циркийг хувьчилж авсан эзэд нь уг байрыг хууль бусаар ашиглах болсон учир Монгол Улсад Циркийн урлаг мөхөхийн даваан дээр байна" хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Энэ зөрчлийг арилгах есөн сарын хугацаа дуусах дөхөж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийсэн юм.
Энэ талаар О.Магнай “Цирк бол баар болсон. Энэ бол хувийн өмчрүү халдаж байгаа асуудал огт биш. Анхнаасаа циркийг менежментийн журмаар хувьчилсан. Гэтэл ийм том обьектийг яаж ганцхан циркээр ажиллуулж болох юм гээд байгаа. 2014 оны тавдугаар сарын 6-нд би ТӨХ-нд бичиг явуулсан. Мөн “Рояал плаза”-д бичиг явуулсан. Гэвч харамсалтай нь манайд нэг ч албан бичиг ирүүлээгүй.
Бичиг ирүүлэхийн оронд дарга цэрэг, УИХ-ын гишүүдээр яриулж, наадахаа боль зогсоо гэж хэлүүлсэн. Гэхдээ болихгүй. Мөнгөтэй байсан ч хууль үйлчилнэ. 2014 оны тавдугаар сарын 16-ний өдөр циркийн хувьчлалыг хүчингүй болгоё гэх саналаа ТӨХ-нд явуулсан. Дээрээс нь тухайн үед Ц.Оюунгэрэл сайдад энэ бичгийн хуулбарийг явуулсан. Гэтэл Ц.Оюунгэрэл сайдаас надад 2014 оны долдугаар сарын 3-ний өдөр бичиг ирсэн. Тодруулбал, Өмч хувьчлалыг шууд буцаах нь төр хувийн хэвшлийн хооронд суурь харилцаанд тогтворгүй байдал, айдас хүйдэс авчрах магадлалтай тул хувьчилсан хувьчлалыг хүчингүй болгох тухай асуудалд яам оролцохгүй гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, хоёр сар сураггүй байж байгаад ийм бичиг өгсөн. Үүний дараа би ТӨХ-ны даргатай уулзсан. Ингээд 2014 оны есдүгээр сард ТӨХ-ны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Гэвч өнөөдрийн болтол уг ажлын хэсэг сураг алга” гэв.