Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар
Авлигатай тэмцэх олон улсын өдрийг Авлигатай тэмцэх газар 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга – 2014” уралдааныг улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж, шилдгийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хээл хахууль, хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэдэд хүргэж, сайн засаглалыг салбар бүртээ нэвтрүүлж тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад байгууллагуудад үлгэр дууриал болоход энэхүү уралдааны зорилго оршиж байгаа аж.
Энэхүү уралдаанд 7 байгууллага, 2 албан тушаалтныг тодруулсан бөгөөд үүний нэгээр Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-нд ажиллаж байгаа “Ухаалаг самбар” шалгарсан юм. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг оролцож “Авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор “Ухаалаг самбар”-ыг нэвтрүүлж дүүргийнхээ 15 хэлтэс, албаны 188 гаруй төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн ил тод болгож, мэдээллийг иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой цогц байдлаар хүргэн ажиллаж байгааг “Авлигаас ангид, сайн засаглалын сайн туршлага” хэмээн тодруулж өргөмжлөл гардаж авлаа.