Э.Бат-Үүл дарга аа, Нийтийн тээврийнхэн хүн биш гулууз мах ачиж яваа юм шиг аашилж байна

2014 оны 12 сарын 10

Нийслэлд шөнөдөө цас  орсноос болж зам харгуй нэлээд халтиргаа, гулгаа ихтэй болсон учраас Замын цагдаагийн газраас жолооч нарыг болон том оврын автобусныхныг нэг, нэгнийхээ өмнүүр гүйцэд түрүүлэхгүй байхыг анхаарyулсан. Гэтэл Нийтийн тээврийн жолооч нар энэ бүхнийг умартаж хүнээ булаалцалдан хоорондоо уралдаж зорчигчдыг тээвэрлээд авч яваа мөртлөө мах ачиж яваа мэт давхиж байгаа дүр зургийг бараг л өглөө болгон харж сэтгэл өвдөх боллоо.

Уг нь тэднийг уралдахгүйгээр замын хөдөлгөөнд саад учруулахгүй байлгах үүднээс нэгдүгээр эгнээгээр ганцхан нийтийн тээврийг зорчуулдаг болсон. Гэвч үүнийг тэд зөв ашиглаж чадахгүй байгаа бөгөөд автобуснууд нэгдүгээр эгнээгээр явахгүй бусад эгнээ рүү шилжин уралдаж байна хэмээн иргэд бухимдаж байгаа юм.

Яг үнэндээ тэд зорчиж яваа хүмүүсийн амь насыг 500-хан төгрөгөөр үнэлж байгаа юм. Тэд олон нийтийн тээврийн хэрэгсэл гэхээсээ илүү уралдааны автомашин шиг л давхицгааж байгаа нь замын хөдөлгөөнд саад учруулж аваар осол гаргах аюултай гэдгээ ухамсарлахгүй байгаа нь харамсалтай.

Уг нь иргэдийн унаа болж, хол ойрд хөл залгуулж байдаг нийтийн тээврийн үйлчилгээ хамгийн хариуцлагатай ажил гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 800 гаруй том оврын, 700 орчим бага оврын автобус, цөөн тооны троллейбус, 500 гаруй такси явдаг гэсэн албан ёсны тоо судалгаа байдаг юм билээ.

Гэтэл эдгээр 2000 гаруй тээврийн хэрэгслээр иргэдэд чухам ямар стандартаар үйлчилж буйг нь хянадаг газар Замын цагдаагаас өөр байдаггүй гэхэд хилсдэхээргүй байна. Замын цагдаа хөдөлгөөний аюулгүй байдал, осолд л анхаарал хандуулдаг болохоос бусдыг нь авч хэлэлцэх ч үгүй.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтийн тээврийн жолооч нартай холбоотой осол, хэрэг 212 гарч таван хүн нас барж 138 хүн гэмтсэн байна. Иймд цаашид дахин зөрчил дутагдал гаргахгүй байх, замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, бие биедээ зөв зарчимч шаардлагыг тавьж учирч болох гэнэтийн аюул ослоос өөрсдийгөө хамгаалан ажиллахыг анхааруулж байна» гэсэн мэдээллийг «Автобус-1" ОНӨҮГ-ын захиргаа мэдээллийн самбартаа сард байршуулан тавьсан байсан юм. Тэд хотынхоо сая гаруй хүнийг хотын нэг захаас нөгөө зах хүртэл хүргэж өгч очъё гэсэн газарт хүргэж өгөх том үүрэгтэй хүмүүс.

Гэтэл ажил амьдралаа залгуулах гэж зорчиж яваа хүмүүсийг бүхээгтэй машинд ачсан «гулууз»-наас ч хэцүүхэн байдалтайгаар зорчуулж байна. Гэтэл тад нагтаа амжих гэж яваа нэрийдлээр зорчигчдоо суудал дээр нь ойлгож буулган нисэх шахам давхилддаг.

Уг нь амь, амьдралтай хүн тээвэрлэж яваа юмсан. Үүнийг бичих болсон шалтгаан нь гэвэл олон хүн нийтийн тээвэрт сэтгэл дундуур явдаг төдийгүй зарим нэг жолоочийг ямар нэгэн шалгуураар нийтийн тээвэрт ажилуулах хэрэгтэй байх хэмээн бидэнд хандсан юм.

Тодруулбал, цагийн хуваариа дагаж мөрдвөл том оврын автобус цагийн хувиараа өглөө 06:30 цагт үйлчилгээнд гаргах ёстой. Гэтэл автобусны эцсийн буудал дээр ирчихээд хүмүүсийг гадаа хүйтэн байсан ч хамаагүй цаг болоогүй байна хэмээн хүлээлгэж, 07:00 цаг гэж хөдөлдөгт ихэд гомдоллодог. Үдэш, оройн цагаар нийслэлчүүд харина гэдэг хамгийн хэцүү асуудал. 21:00 цаг өнгөрчихвөл такси хөлөглөхөөс аргагүй.

Сүүлийн автобус 22:30 цаг гэхэд үйлчилгээгээ зогсоох журам бий. Харамсалтай нь тэд энэ журмаа мэддэггүй юм уу, 21:00 цагаас хойш том оврын автобусаар зорчино гэдэг ёстой үлгэр болсон гэж хэлэхэд нэг их хэтийдсэн болохгүй байх.

Тэгсэн хэрнээ авто бусныхаа дотор хананд «Зорчигчдын амар тайван байдлыг дээд    зэргээр эрхэмлэж үйлчилнэ» гээд биччихсэн байгаа юм. Гэтэл үүнийхээ эсрэгээр зорчигчид болж өгвөл кондукторуудыг уурлуулахгүй, зодуулчихалгүй мөнгөө төлөөд очих ёстой газраа буух нь зол болно.

Тиймээс нийтийн тээврийн хэрэгслээр зорчих явцдаа тохь тух болон үйлчилгээний соёл гээчийг мэдэрнэ гэвэл ёстой гонжийн жоо гэдэг л болно. Хэрвээ аль нэгэн автобус, микро автобусны жолооч, кондукторт зүй ёсны шаардлага тавих юм бол шууд л хөөгдөнө.

Мөнгөө төлсөн эсэх нь хамаагүй. Таксиндаа суугаад яв, өөрийнхөө машинаар давхи гэж ирээд л баахан загнана. Эцэст нь хэл амаар баахан доромжлуулаад өнгөрнө. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч «ХААН» гэдэг үгийг нийтийн тээвэрт ажиллаж буй жолооч, кондукторууд огт мэддэггүй гэсэн үг.

Өнгөрсөн зун Хотын дарга Э.Бат-Үүл нийтийн тээврээр үйлчлүүлэнгээ ажил байдлыг нь шалгаж байсан. Одоо дахиад нэг яваад үзвэл маш олон үнэгүй жүжгийг том оврын автобуснаас үзэх болно.

Эцэст нь хэлэхэд Үүл баатар дарга иргэдийг гулууз мах мэт ачиж яваа нийтийн тээврийнхэнд хатуухан сануулга өгөхгүй бол тэд олон хүний амь насыг нөгөө ертөнцөд илгээхэд бэлэн болсон байна шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13619
0 эможи
keyboard_arrow_up