Нийтийн тээврийнхээн, дулаахан зорчмоор байна
Энэ жил урт намар болсон ч сүүлийн өдрүүдэд эгээ л ес эхэлсэн үү гэлтэй цаг агаар “ширүүхэн” байна. Ингэж хүйтний эрч чангарахын хэрээр зарим байгууллагын орлого ихэсдэг гэдэг. Тухайлбал, түлээ нүүрс зардаг иргэд хүйтрэхээр баярладаг бол худалдаа үйлчилгээний төвийн ажилчид ч мөн магнай тэнийдэг гэлцдэг. Арга ч үгүй биз, гадаа хүйтрэхээр иргэд даарахын эрхэнд дулаан газар бараадахаас гадна хүссэн хүсээгүй түлшээ базаах нь дамжиггүй. Харин хүйтрэхийн хэрээр орлого нь ихэсдэг байгууллагын нэг бол яах аргагүй нийтийн тээврийнхэн. Дулааны улиралд иргэд зорьсон газар руугаа алхах нь элбэг байдаг бол хүйтний улиралд, тэр дундаа ойрын өдрүүдийнх шиг хүйтэнд аль болох унаа хөсөг бараадаж таарна. Гэтэл ингэж даарсаар сая нэг хөл дүүжлэх унаатай золгоход өнөөх нь битүү л болохоос гаднахаас ялгаагүй хүйтэн байх нь харамсалтай. Нийслэл хот өргөжин тэлж байгаа энэ үед хотын нэгээс нөгөө зах хүртэл нийтийн тээврээр зорчдог иргэд ч цөөнгүй бий. Тэр дундаа оюутнууд автобус, микронд хамаг цагаа өнгөрүүлдэг нь нууц биш. Үйлчилгээний байгууллагуудад иргэдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага гэж байх учиртай. Гэтэл үнэндээ үйлчилгээнд явж байгаа автобус, микронууд мөнгөө авахаа л мэддэг болохоос иргэдийг тав тутай зорчуулахад анхаарал хандуулахгүй байна. Адаглаад өвлийн улиралд унаагаа дулаалах, завсар зайг нь бөглөж, иргэдийг дулаан зорчуулах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Том оврын автобуснуудын хувьд нэгээс хоёр паар байдаг ч үнэндээ халдаг нь цөөхөн. Тиймээс нийтийн тээврийнхэн минь, иргэдийг дулаахан зорчуулах тал дээр анхаарал хандуулж, ядаж байгаа паараа засчихмаар байна. Иргэд бид чинь, дулаахан зорчмоор байна шүү дээ.