М.Нямсүрэн:Хан-Уул дүүрэгт хөдөлмөр аюулгүй байдал тал дээр үр дүнтэй ажлууд хийгдэж байна

2014 оны 12 сарын 05

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгээс архи, тамхи хууль бус худалдаалах болон хөдөлмөрийн аюулгүй байдал дээр хийгдэж буй ажлын талаар тодорхой мэдээлэл авсанаа хүргэж байна.
-ХУД-ийн хэмжээнд зөвшөөрөлгүй согтууруулах ундаа, архи, тамхи худалдаалах хэрэг хэр их гарч байна. Үүнд хэрхэн хяналт шалгалт хийж байна вэ?

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс нь согтууруулах ундаа, архи, тамхины хэрэглээ, шинээр гарсан тамхины хууль, хүнсний тухай хууль, хүнсний аюулгүй байдлын тухай хууль зэрэг хуулийн хэрэгжилтэн дээр анхаарч ажилладаг.
Ер нь манай дүүргийн хувьд нилээдгүй хэвшиж байгаа сайн ажил бол сар болгоны нэгэн буюу архигүй өдөр юм. Архигүй өдөрт зориулан цагдаагийн байгууллагатайгаа хамтран томоохон шат дараатай ажлууд зохион байгуулсан нь их үр дүнтэй болсон. Нэгний өдөр зөвшөөрөлгүй  архи, согтууруулах ундаа худалдан борлуулах ажил үндсэндээ буурсан гэж хэлж болно. Бид 186 иргэдийн тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Үүнээс гадна хүүхэд, сургуулийн байгууллагын дэргэд 500 метрийн дотор тамхи борлуулдаг байсан дэлгүүрүүдийн тамхины зөвшөөрлийг, зөрчилтэй 33 хүнсний дэлгүүр, баар, рестораны архи худалдаалах зөвшөөрлийг нь цуцлуулсан. Эдгээр асуудлын гол зөрчил нь цаг хэтрүүлэн ажилласан, 18-аас доош насны хүүхдүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн гэх мэт тодорхой хуулийн заалтуудыг зөрчсөн байсан.
-Барилгатай холбоотой олон асуудалд иргэд Мэргэжлийн хяналтынхныг буруутгадаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
Барилгын осол, хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бол маш их санаа зовоосон асуудал байдаг. Манай дүүргийн хувьд барилгажилт их явагддаг. Хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын бүс нутаг гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор барилгын аюулгүй ажиллагааны дүрмийг сайн биелүүлэхгүйгээс асуудлууд их гардаг. Энэ нь дүүргийн хүн амын нягтаршил ихэссэнтэй мөн холбоотой. Энэ жил гэхэд л дүүргийн нутаг дэвсгэр дээр 4000 гаруй иргэн шилжиж ирсэн. Барилгажилт маш ихэссэн. Одоогийн байдлаар манай дүүрэгт 120 гаруй компани барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Зайсангийн амны тусгай хамгаалалттай бүсэд баригдаж байгаа барилгуудын асуудал нь бидний даруйхан шийдэх чухал ажилд орж байна. Энэ ажилд зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллага гэлтгүй яамдууд, Тусгай хамгаалалтын бүс нутгийн захиргаа, Байгаль орчин ногоон хөгжлийн газар болон бусад холбогдох газрууд хяналт шалгалт хийж, шийдвэрлэх шаардлага урган гараад байна. Үүнтэй холбоотой хийгдсэн ажлуудыг бид яамдууд руу хүргүүлсэн байгаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн хяналтаас нилээдгүй сургалт, сурталчилгааг зохион байгуулсан. Дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад “ХАБ биднээс шалтгаална” сургалтыг зохион байгуулж, туг аялуулж байна. Ер нь аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай гэдгийг бид сургалт сурталчилгааны ажлаар дамжуулан хийж байна.
-Барилгын осол буурахгүй, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг /ХАБ/ хангахгүй байгаа шалтгаан нь юу вэ?
Харьцангуй нэг үеэ бодвол компанийн удирдлагууд хөдөлмөр хамгаалалын тал дээр их анхаарч ажилладаг болсон байна. Гэхдээ осол буурахгүй байгаа бас нэг шалтгаан нь мэргэшсэн боловсон хүчин дутмаг, сахилга батгүй, анхаарал болгоомж алдах зэрэг нь гэнэтийн осол, эндэгдлийг нэмэгдүүлэх бас нэгэн хүчин зүйл болж байна.
Барилга дээр голчлон хөдөө, орон нутгаас ирсэн ажил олдохгүй байгаа хүмүүс ажиллаж байна. Эдгээр хүмүүс нь каск малгайг өмсөхгүй байх, бэхэлгээний бүсээ хийхгүй байх зэрэг шалтгаанаар амь насаа алдах хүртэлх асуудлууд байна. Бэхэлгээний бүсний чанар, тавцангийн суурилуулж байгаа байдал, каран өргөх машин механизмуудын угсралттай холбоотой мэргэжлийн хүмүүсийн алдаатай холбоотой ослууд ч байна.
-Таны дурьдсан асуудлуудыг бууруулахын тулд ямар ажлууд хийгдэж байна?
Дээрх асуудлуудыг бууруулах чиглэлээр торгууль, хариуцлагын аргаас гадна соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна. Тухайн газар дээр нь очиж ажлын талбай дээрх сургалтуудыг хийдэг. “Бүти” компанийн хувьд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” хорооллын ажлыг хийж байгаа бөгөөд тус компани дээр очиж сургалт хийсэн. Сургалтаар бэхэлгээтэй байсан хүн яаж тэр өндрөөс унахад амь аврагдах вэ?, бэхэлгээгүй байсан хүн ямар үр дүнд хүрэх вэ? Гэх мэт зүйлийг хиймэл хүн ашиглаж бүрэн үзүүлсэн. Энэ нь нүдэнд харагдахуйц томоохон сургалт болж чадсан.
Мөн манай МХЕГ, НМХГ-аас зохион байгуулж байгаа бас нэг томоохон ажил бол автобустай сургалтыг явуулж байна. Хөдөлмөр хамгаалалын багажаар тоноглогдсон автобусыг ажлын байранд аваачин сургалтыг зохион байгуулж байгаа нь маш их үр дүнтэй сургалт болж байгаа. Цаг алдахгүй, заал талбай гэхгүйгээр сургалтыг зохион байгуулж байгаа нь автобустай сургалын онцлог юм. Өөр нэг сургалт хийж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн олон улсын байгууллагуудад хандаж, хамтарсан сургалт, онлайн сургалтыг бүх аймаг, дүүргүүдийн байцаагч нарыг хамруулан  тэдэн рүү чиглэсэн сургалтыг хийхээс гадна иргэд, ажлын талбар дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилчид руу хандсан сургалт сургалчилгааг нилээдгүй их зохион байгуулж байна. Энэ нь зохих хэмжээний үр дүнгээ өгөөд явж байна.

Ярилцсанд баярлалаа Танд ажлын амжилт хүсье

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13285
0 эможи
keyboard_arrow_up