Сөүл хотын Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид хүнс, худалдаа үйлчилгээний салбарынхантай уулзлаа
БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний салбарынхантай уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан юм. Улаанбаатар хотод худалдааны 3724, нийтийн хоолны 3092, ахуйн үйлчилгээний 2134 цэг салбар ажиллаж байна. Ахуйн үйлчилгээний чиглэлээр 2134 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 562 хүнд 1 цэг ноогдож байгаа юм.
Мөн төлөөлөгчид “Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лаборатори”, “Хүчит шонхор” зах, “Мах Маркет” ХХК-ний ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
“Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лаборатори” хотын хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний салбарт хийж буй хяналт, шинжилгээнийхээ талаар, “Хүчит шонхор” зах худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ажиллах нөхцөл боломжийг хэрхэн бүрдүүлж байгаа, эрүүл ахуйн хяналтыг хэрхэн хийж байгаа талаар танилцууллаа.
“Мах маркет” ХХК 7500 тонн махыг хадгалах хүчин чадалтай хөргөлттэй агуулах,1000 толгой бог мал төхөөрөх чадалтай боловсруулах цех, нэг ээлжиндээ 2-3 тонн бууз, банш, бөөрөнхий мах зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, ISO 22000 –г үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байгаагаа үзүүлсэн юм. Төлөөлөгчид “Бидний хамтын ажиллагааны чиг хандлагаа тодорхойлох уулзалт амжилттай боллоо. Цаашид нийслэлийн удирдлагуудад хүрээлэн буй орчин, хүнс, эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар саналаа боловсруулж танилцуулах болно “ гэсэн юм.