Б.Даваажав:Яармагийн эргэн тойронд 100 хувь гэрэлтүүлэгтэй болсон

2014 оны 12 сарын 02

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Б.Даваажавтай ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна.

 

-Хан-Уул дүүргийн хувьд энэ ажил нилээд өрнүүн байна. Харин Тохижилт үйлчилгээний хэлтэст хийгдэж байгаа ажлынхаа талаар дурдвал?
Энэ жил ХУД-ийн хэмжээнд улс, нийслэлийн болон дүүргийн хөрөнгө оруулалттай олон төслийн ажлууд хийгдэж байна. Томоохон ажлуудаас дурьдвал, Богд уулын арын зам юм. Богд уулын арын замын ажил одоогоор бүрэн ашиглалтанд ороод байна. Энэ зам дээр бид гэрэлтүүлгийн ажлыг давхар хийж байгаа. Үүнээс гадна 2014 онд ХУД-ийн Яармагийн 4,5,6,7,8,Нисэхийн 16 гэсэн гэр хорооллуудыг бүрэн гэрэлтүүлгээр хангах зорилготой ажиллаж байгаа. Ажлын явц 100 хувьтай хийгдэж дуусаад байна. Гэрэлтүүлгийн ажилд дүүргээс 3,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Яармагийн эргэн тойронд 100 хувь гэрэлтүүлэгтэй болж байгаа нь дүүргийн хувьд хийсэн томоохон ажлын нэг болж байна.
Үүнээс гадна хог цэвэрлэгээний өргөн цар хүрээтэй  ажлыг эхлүүллээ. Хог цэвэрлэгээний ажлын хувьд бид шат дараалсан арга хэмжээ авч байна. Алслагдсан хороод буюу 14,13,12,10 гэсэн хороодод  үүссэн олон жилийн хур хогийг цэвэрлэх компанит ажлыг өрнүүлж байна.  Өнгөрсөн сарын  14-18-ны өдрүүдэд 14 дугаар хорооны хур их хогийг цэвэрлэж, ариутгаж дууссан. Хорооны иргэд цэвэрлэгээний ажилд сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байсан. Мөн 13 дугаар хорооны Сэнс Толгой хэмээх газрын олон жилийн хур их хогийг цэвэрлэж дууслаа. Эдгээр цэгүүд нь дүүргийн албан бус хогийн цэг гэгддэг газрууд байсан. Харин жижиг хогийн цэгүүдийн хогууд хуваарийн дагуу цэвэрлэгдээд явна. Мөн бид “Нийслэлийн Захирагчийн ажлын албаны” “Азийн хөгжлийн сан”-тай хамтраад 13 дугаар хороог хоггүй “Жишиг хороо” болгох төслийн ажил ажилттай хэрэгжих байна.
-Зам засварын ажил их хийгдэж байна. Хан-Уул дүүргийн хувьд ямар ямар зам засварын ажил хийгдэж байгаа вэ?
Бид Яармагийн замыг энэ ондоо дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ зам дээр тэмдэг тэмдэглэгээ, явган хүний зам, гэрэлтүүлэг, 3 газар гэрлэн дохиожуулах, 2 талаар нь моджуулах ажил хийгдэж байгаа юм.“Тод Газар” ХХК нь Яармагийн гүүр хүртэлх газрыг моджуулж гурван жилийн арчилгааг хариуцаж ажиллахаар нийслэлтэй гэрээ байгуулаад ажиллаж байна. Энэ ажил хийгдэж дуусвал манай Яармагийн зам бүх зүйл нь бүрдсэн сайхан зам болно. Үүнээс гадна хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол Яармагаас гурвалжингийн гүүр хүртэлх зам засварын ажил байгаа. Одоогоор Яармагаас гурвалжингийн гүүр лүү шууд явдаг болох  замын ажил 90 хувьтай явж байна. Гудамж төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил хэдий ч бид бас туслах зүйл дээрээ туслаад гэрэлтүүлгийн ажлыг хариуцаад явж байгаа.
Мөн өнгөрсөн найман сарын сүүлээр АПУ компаний уулзварыг бүрэн шинэчилсэн, явган хүний замыг бүрэн тавьж хүлээлгэж өгнө. Ирэх жил дүүргийн хэмжээнд эвдрэлтэй замыг бүгдийг нь засах зорилт тавин ажиллаж байгаа. 2015 онд жижиг болон эвдэрсэн бүх замыг засч янзлах зорилттой байгаа.
ХУД энэ жил хичнээр га талбайд мод тарьж, арчилгаа хийгдсэн бэ? Тохижилт үйлчилгээний ажил хэр их хийгдсэн бэ?
Бүх нийтээр мод тарих “үндэсний өдөр” –ийг  2014 оны хаврын  05 сарын 10, намрын 10 дугаар сарын 11-ны  өдрүүдэд  9 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Буянт Ухаагийн 23-н задгай Туул голын хөвөөнд зохион байгуулж ажилласан. Энэхүү ажлыг ХУД-ын нэрэмжит ажил болгож жилд 2 удаа мод тарих хөдөлгөөн өрнүүлэхээр болсон байгаа.  Дүүргийн нутаг дэвсгэрт хавар, намрын  бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнд нийт 17058 ширхэг  мод, бут сөөгийг  тарьж  нэгдсэн зохион байгуулалттайгаар идэвхитэй оролцлоо. Дүүргийн ТҮТ-ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн мэргэжлийн цэцэрлэгчдээр дүүргийн орон сууцны дундах ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлж байгаа. 2014 оны байдлаар 12600 м2 талбайн ногоон байгууламжийн зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж дууссан. Өвөлтэй урьтаж тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар дүүргийн  хороо бүр дээр хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, явган хүний замыг засаж, тохижуулах ажлууд эрчимтэй хийгдэж байна.
-Удахгүй өвөл боллоо. Дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?
Өвөлжилтийн бэлтгэл ажлын дүүргийн хэмжээнд 95 хувьтай явж байна. Өнгөрсөн 9 сарын 15-нд зарим цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдэд эхнээс нь халаалтаа өгч эхэлсэн. Халаалт ерөнхийдөө жигдэрч байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 30 жижиг уурын зуух байдаг. Эдгээр уурын зуухыг хариуцдаг төлөөлөгч нартай уулзаж, “Нийслэлийн тохижилтын үндэсний хангамж”-ийн газартай  хамтарч хоёр ч удаа семинар зохион байгуулсан. Энэ жил манай дүүргийн 12 сургууль, дөрвөн хорооны нийт орон сууцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс 177,5 сая төгрөгийг дүүргээс гаргаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийж байна. Хороодуудын засварын ажил дээр тендер зарлаж шалгарсан компаниудтай гэрээгээ хийгээд 8-р сарын 31-ээр дууссан учраас дулааны тал дээр айх аюул багатай, өнтэй өвөлжинө гэж найдаж байна. Харин жижиг уурын зуухнууд дээр байнгын нөөцтэй байхыг л анхааруулж ажиллахаар болж байна. Байнгын нөөц гэдэг нь уурын зуухнууд тогтмол 15-20 хоногийн нөөцтэй байхыг хэлж байгаа юм.
Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!
Бид цаашид хийж буй ажлынхаа талаар тогтмол олон нийтэд мэдээллэж байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13032
0 эможи
keyboard_arrow_up